СЭЛЭНГЭ: Улсын хошой аварга хамт олон хөрсийг элэгдлээс хамгаалах технологийг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-05 21:33:25

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит Оргил" ХХК-ийн хамт олон хөрсийг элэгдлээс хамгаалах технологийг үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлжээ.


Тус компанийхан техник тоног төхөөрөмжөө тогтмол шинэчлэн, чанарын өндөр шаардлагыг тавьж ажиллаж байгаа нь амжилт гаргахад нөлөөлж, “Улсын аварга тариаланч хамт олон” гэсэн эрхэм цолыг 14 жилийн дараа дахин хүртлээ.


П.Ганзориг захиралтай "Ачит Оргил" ХХК анх 2000 онд улаанбуудай тариалах, гурил үйлдвэрлэх чиглэлээр 500 га эргэлтийн талбайтай үйл ажиллагаагаа эхэлжээ.


Тус компани өнөөдөр нийт 4217.2 га эргэлтийн талбайд үр тариа боловсруулж, 20 орчим ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.


Улсын хошой аварга энэ хамт олон 2023 онд 1802 га талбайгаас 5097 тн улаанбуудай, 190 га талбайгаас 36 тн тосны ургамал хураан авчээ.


Мөн эднийх жил бүр 500 га талбайд тэжээлийн ургамал тариалж байгаа аж.


"Ачит Оргил" ХХК 2007 онд Улсын аварга тариаланч хамт олон болж байжээ. Энэ удаа мөн хөдөлмөр зүтгэлийнхээ үр дүнд дахин энэхүү эрхэм шагналын эзэд болжээ.

Related news