СЭЛЭНГЭ: Р.Баярсайхан Монгол Улсын аварга тариаланч боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-02-04 12:50:04

Сүхбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар тариалангийн түүхэнд тод мөрөө үлдээж, дурсагдах гавьяатай олон сайхан баатруудыг өлгийдөн авсан нутаг бол Сэлэнгэ аймгийн Ерөө сум юм.


Газар тариалангийн салбарын ууган баатар Намжилын Бямбацогт Ерөө сангийн аж ахуйгаас төрж байсан гэдгээрээ онцлогтой


Ууган баатар Н.Бямбацогтын дараа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, трактор комбайнч Мягмарын Алтангэрэл, Гажидын Лувсанчимэд, Доржийн Баттөр, Сандагийн Ганболд гээд олон баатар энэ л сайхан үржил шимт нутгаас хөдөлмөр зүтгэлээрээ тодрон гарч иржээ.


Ерөөгийн хөдөлмөрч, ажилсаг түмнийхээ алдрыг бадрааж “Их Шинэстэй” ХХК-ийн механикжуулагч Р.Баярсайхан луу жилийн босгон дээр Монгол Улсын аварга тариаланч хэмээх эрхэм шагналыг хүртлээ.


Тэрбээр 1992 оноос хойш 31 жилийн турш компанидаа хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа аж.


Өнгөрсөн жил аймгийн аварга тариаланч болж байсан тэрээр энэ жил амжилтаа ахиулж, төр улсдаа хөдөлмөрөө үнэлүүллээ.


Тракторч-комбайнч мэргэжилтэй, Монгол Улсын аварга тариаланч Р.Баярсайханыг “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Ганболд “Үргэлж хамт олноо хошуучилдаг, хөдөлмөрч хичээнгүй нэгэн” хэмээн шагнал гардуулах ёслолын үеэр онцоллоо.    


Шагналыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог нар Ерөө суманд очиж хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Related news