2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татвар нэмэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-09-28 20:33:17

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр болж, 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татвар нэмэхгүй байхаар хэлэлцэн шийдвэрлэв. 

 Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай  хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. 2017 онд шинэ төрлийн татвар  бий болгохгүй, татварын хувь хэмжээг  нэмэхгүй байхаар төсөлд тусгажээ.

Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хориглохтой холбоотой  төслийг УИХ-д өргөн барина

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Иймээс Засгийн газар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар боллоо.

Авлигатай тэмцэх газарт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн албан тушаалтанд оффшор бүсэд өөрийн нэр дээр данс эзэмших, мөнгө байршуулах, хуулийн этгээд байгуулах зэргийг хориглох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг төсөлд тусгасан байна.

Хууль батлагдсанаар төрийн албан тушаалтны ёс зүй, хууль дээдлэх үүрэг, хариуцлага нэмэгдэж, иргэд, бизнесийнхэн төр, төрийн байгууллагад итгэх итгэл нэмэгдэн, авлигын эсрэг хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэхэд дэмжлэг болно гэж Засгийн газар үзлээ.

Манай улсад 110 орны 13140 хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай компани бүртгэгдсэний 920 нь буюу долоон хувь нь оффшор бүсийн хөрөнгө оруулагчид юм байна. 1990-2015 оны хооронд Монгол Улсад нийт 14.2 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсны 10.8 тэрбум ам.доллар нь оффшор бүсийн улс орнуудаас хийгджээ. 

Товч мэдээ

-  Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхээр тогтов. 18 жилийн хугацаатай, жилийн 0,0 хувийн хүүтэй, зээлийн үндсэн төлбөрөөс таван жил чөлөөлөгдөх нөхцөлтэй 40 сая еврогийн зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгийн хамгааллын салбарын төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

-  Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан бүтээн байгуулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор “Газрын тос боловсруулах үйлдвэр”, “Нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх үйлдвэр барих” төслийн нэгж байгуулахаар боллоо.

-  Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжээд, зохих журмын дагуу хянаж батлахыг холбогдох сайд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Related news