ӨМНӨГОВЬ: Даланзадгад сумын эмэгтэйчүүд “40+ волейбол сонирхогч эмэгтэйчүүдийн групп” нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-29 17:03:34

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Даланзадгад сумын эмэгтэйчүүд нэгдэн дасгал хөдөлгөөнийг олон нийтэд уриалах зорилгоор волейбол сонирхогч эмэгтэйчүүдийн дунд “40+ волейбол сонирхогч эмэгтэйчүүдийн  групп”-ийг нээжээ.


Тус групп "Дэвшилтэт Даланзадгад" хөтөлбөрийн “Эртэч Даланзадгад” аянд нэгдсэнээр үйл ажиллагаа нь улам өргөжиж 200 гаруй гишүүнтэй болжээ.




Мөн “40+ волейбол сонирхогч эмэгтэйчүүдийн групп"-ийн үйл ажиллагааг тогтвортой явуулахаар Даланзадгад сумын ЗДТГ-аас спорт заалны зардлыг шийдвэрлэж өгснөөр 8.00-22.00 цаг хүртэл 40-өөс дээш насны эмэгтэйчүүд дасгал хөдөлгөөнд нэгдэх бүрэн боломжоор хангагджээ.




40+ волейбол сонирхогч эмэгтэйчүүдийн групп”-naн ахлагч Ж.Мэндбаяр: 

-Манай  40 гаруй насныхан ихэнхдээ ач зээ нараа хараад гэрээрээ суугаад хөдөлгөөний хомсдолд орсон байдаг. Мөн хүчний байгууллагын алба хаагчид эрт тэтгэвэртээ гардаг. Олон хүүхэд гаргасан эхчүүд ч мөн эрт гарсан байдаг. Энэ нь ямар нэг байгууллагад хамрагдахгүй олон нийтийн үйл ажиллагаанаас хоцрох асуудал бий болдог. Тиймээс эдгээр хүмүүсээ хамруулан идэвхжүүлж, "Эртэч Даланзадгад" аянд нэгдэж дасгал хөдөлгөөн хийж байна.

Энэ нь биеийн эрүүл мэндээ анхаарах их олон боломжийг нээж өгч байгаа юм. Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр гишүүд их идэвхжиж байгаа. Өглөө болгон 20-30 эмэгтэй тогмол ирж тоглодог. Мөн хөнгөн атлетикийн тамирчид ирж бидэнтэй хамтран дасгал хөдөлгөөнд нэгддэг. Шинээр ирж байгаа хүмүүс их хөдөлгөөний эвсэлтэй болж байгаа. Өглөө эрт босоод тогтмол дасгал хөдөлгөөн хийснээр бидний эрүүл мэндэд эерэг нөлөөнүүд их гарч байгаа талаар гишүүд ярьж байна. Сар бүр тогмол эмэгтэйчүүдийнхээ дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Группийн үйл ажиллагаа идэвхжээд сайхан болсон. Хамтран ажиллаж байгаа та бүхэндээ маш их баярлалаа.

 

Related news