ӨМНӨГОВЬ: Даланзадгад хотод “Хобби” үзэсгэлэнг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-25 10:20:03

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ахмадын чөлөөт холбооноос санаачлан Даланзадгад сумын ахмадуудын дунд "Хобби" үзэсгэлэнг зохион байгууллаа.

 

Тус үзэсгэлэнг 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулж, нийт арван багийн төвийн 40 гаруй ахмад онцлох бүтээлээрээ оролцжээ.


 

Үйл ажиллагааны зорилго нь ахмадуудыг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй хамруулах, чөлөөт цагаа зөв боловсон бүтээлчээр өнгөрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, нийгэмдээ эерэг сайн зүйлс түгээхэд оршиж байгаа талаар ахмадын чөлөөт хорооны дарга онцоллоо.

 

Ахмадууд ховор нандин, сонирхолтой цуглуулгаа дэлгэж, харилцан туршлага солилцон, бие биедээ урам өгч хамтдаа нэг өдрийг бүтээлчээр өнгөрүүлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байна.


 

"Хобби" үзэсгэлэнд Монгол Улсын үе үеийн мөнгөн дэвсгэрт, оёдлын хэрэгсэл, уран зураг болон гар урлал, дээл хувцас зэрэг ховор сонин бүхнийг нэг дор дэлгэн харуулж байгаараа онцлогтой боллоо.

 


Даланзадгад сумын наймдугаар багийн ахмад настан Л.Болормаа:


-Би Өмнөговь аймгийн Цаг уурын газарт 40, нисэхийн цаг уурын газар 15 жил тус тус ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарснаасаа хойш оёдлын хоббигоо их хөгжүүлсэн. Тэгээд оёдлын холбогдолтой эд зүйлсийг цуглуулж эхэлсэн. Одоо цагт олдохоо байсан эртний эдлэлүүд ч байдаг. Жишээ нь, миний 3-4 үеийн өвөг дээдсээс уламжлагдан ирсэн эмээ ээжийн илүүр, мөнгөн хуруувч зэрэг олон зүйлс бий.

Миний цуглуулсан хуруувч гэхэд Орос, Хятад, Монгол, Энэтхэг гээд арван орны 60 гаруй төрөл байгаа. Голдуу бэлэг дурсгалын зориулалтай. Мөн төрөл бүрийн оёдлын машин бий. Заримыг нь найз нөхөд, хүүхдүүд бэлэглэсэн. Өөрөө ч бас хоббигоороо таалагдсан машинаа худалдаж авдаг. Анх намайг тэтгэвэрт гарахад охин маань надад анхны сувенирын машиныг бэлэглэж байсан. Түүнээс хойш л сонирхол төрж цуглуулж эхэлсэн дээ. Бараг л 20 гаруй жил цуглуулгаа хийж байна. Миний хувьд энэ үзэсгэлэнд оролцсоноор хоббигоо өргөжүүлэх, цуглуулгандаа гоё сонирхолтой зүйлсийг нэмж олох зэрэг давуу тал бий болох юм. Үзэсгэлэнг зохион байгуулсан та бүхэндээ маш их талархаж байгаагаа илэрхийлье.

 

Related news