Хятадын баруун хойд нутагт 7.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-01-23 09:28:12

ӨРӨМЧ, 2024 оны нэгдүгээр сарын 23 /Xinhua/. Хятадын баруун хойд нутгийн Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Аксу тойргийн Үши хошуунд орон нутгийн цагаар мягмар гаргийн 02:09 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдөллөө гэж тус улсын Газар хөдлөлтийн сүлжээний төвөөс /CENC/ мэдээлэв.


Газар хөдлөлтийн голомт нь 22 км-ийн гүнд байсан бөгөөд газар хөдлөлтийн дараа дахин 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. 


Урьдчилсан мэдээгээр газар хөдлөлтийн голомт нь Хятад, Киргизийн хилийн уулархаг бүсэд орших Үши хошууны нэгэн тосгонд байжээ.  


Одоогоор хүний амь нас эрсэдсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Газар хөдлөлт Аксу тойрогт хүчтэй мэдрэгджээ. Нутгийн нэгэн оршин суугч Xinhua агентлагт ярьснаар, шөнө 10 хэмийн хүйтэн байсан хэдий ч олон хүн аюулгүй байдлаа хангахын тулд гамшгийн үед цуглах талбайд очсон байна. 


Газар хөдлөлтийн чичирхийлэл мөн Өрөмч, Хотан, Кашгар зэрэг Шинжааны янз бүрийн хот, мужуудад мэдрэгдсэн байна. Өрөмч хотын оршин суугчид 17 давхарт хүртэл чичиргээ мэдрэгдсэн тухай ярьжээ.

Related news