СЭЛЭНГЭ: Ахлагчдын нэгдсэн зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-22 09:26:54

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан байна.

 

Үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймаг дахь Монгол Улсын баатар Ж.Нэхийтийн нэрэмжит ХЦ-ийн 0101 дүгээр ангийн Ахлагчийн зөвлөлөөс санаачлан "Ахлагчдын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.

 

Өнгөрсөн баасан гарагт зохион байгуулсан тус зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 150 гаруй ахлагчдын төлөөлөл оролцлоо.

 

Улсын хэмжээнд анх удаа болж буй тус зөвлөгөөнийг оны эхэнд зохион байгуулсан нь өндөр ач холбогдол хийгээд бодит үр дүн дагуулна хэмээн онцолж байв.   

 

Ингээд тус зөвлөгөөний үеэр хийсэн сурвалжлагаа хүргэе.

 

-ХЦ-ийн 0101 дүгээр ангийн Захирагчийн 1-р орлогч, Штабын дарга, дэд хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Танай ангиас санаачлан зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөний зорилго юу байв?

-“Ахлагчийн бүрэлдэхүүн гэдэг бол тухайн байгууллагын ачааны нэлээдгүй хэсгийг үүрч явдаг гол хүч байдаг. Байгууллага бүр өөр өөрийн онцлогтой үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ч үүднээс тухайн байгууллага байгууллагатаа ахлагчийн алба ямар түвшинд явж байна. Тэдний мэдлэг, дадлага, чадвар нь ямар түвшинд байгаа. Мөн хоорондоо ижил төстэй зүйлүүд юу байна.

 

Цаашдаа ямар арга хэмжээ авбал ахлагч нар маань хөгжих юм, тэдний ажиллаж, амьдрах нөхцөл сайжрах юм гэсэн олон олон асуудлуудад шийдэл, гарцыг олохын тул энэхүү зөвлөгөөнийг бид анх удаа зохион байгууллаа.

 

-Танай ангийн хувьд 2023 оныг амжилт дүүрэн үдсэн. Шинэ ондоо  төлөвлөсөн ажлуудаасаа дурдвал?

-Манай ангийн хувьд өнгөрсөн 2023 онд Хил хамгаалах байгууллагын ой тайгын бүсийн тэргүүний ангиар шалгарсан. Бид анги байгуулагдсаны түүхт 90 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.  

 

Мөн манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн гавьяаны одонгоор шагнуулсан. Ийм олон сайхан амжилттай байлаа.

 

2024 ондоо Ахлагчийн жил болсонтой холбогдуулан ахлагч бүрэлдэхүүндээ хандсан нэлээд ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа. Үүний нэг жишээ нь энэ зөвлөгөөнөөр эхэлж байна.   

 

Тус зөвлөгөөний үеэр байгууллага тус бүрийн ахлагч нарын сэтгэгдлийг хуваалцсан юм.

 

-ХЦ-ийн 0101 ангийн шалгагч, ахлах ахлагч Г.Батцэцэг: -Манай хилийн 0101-р ангиас анх удаа зохион байгуулж байгаа Ахлагчийн нэгдсэн зөвлөгөөн амжилттай боллоо. Сэлэнгэ аймгийн хэмжээнд ингэж бүх хүчний байгууллагуудаараа цугласан анхны тохиолдол болж байна.

 

-ШШГГ-ын харуул хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Б.Алтанхуяг:

Зөвлөгөөн маш үр өгөөжтэй сайхан боллоо. Манай байгууллагын ахлагчийн бүрэлдэхүүн бөөндөө ирж оролцлоо. Маш хэрэгтэй сургалтууд, зөвлөгөөнүүд явагдаж байна. Мэдээж зөвлөгөөнөөс тодорхой хэмжээгээр ахлагч нарт хандсан шийдвэр гарах байх. Энэхүү зөвлөмж хийгээд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллана.

 

-ОБГ-ын Гал түймэртэй тэмцэх аврах 36-р ангийн салаан захирагч, Э.Санчир:  

-ХЦ-ийн 0101-р ангиас зохион байгуулж байгаа Сэлэнгэ аймгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын нэгдсэн зөвлөгөөн маш цаг үеэ олсон үйл ажиллагаа болж байна. Энэ арга хэмжээ аймагтаа төдийгүй улсдаа анх удаа болж байгаа нь онцлог юм. Мөн зохион байгуулалт маш өндөр боллоо.

 

-ХЦ-ийн 0243-р ангийн ахлах ахлагч Ж.Зунсайхан:

-Энэхүү зөвлөгөөнд төрөл бүрийн мэргэжлийн хүмүүс оролцож байгаа нь маш сайхан бахархууштай санагдлаа. Зөвлөгөөн маш өгөөжтэй, хараад байхад залуу алба хаагчид олон байгаа учраас харилцан туршлага солилцох, бие биеийнхээ албыг  мэдэх, харилцан ажиллах, цаашдын ажилд нь дэм тус болох байх гэж харж байна.    

 

-Аймгийн Цагдаагийн газрын ахлагч Ц.Бямбадаваа:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2024 оныг ахлагчийн жил болгон зарласан нь онцлогтой. Энэ маань манай улсын хэмжээнд цэрэгжсэн байгууллагуудын ахлагч нарын тухайд хамгийн анхны үйл ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Сэлэнгэ аймагт анх удаа болж байна. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллага энэ жил 100 жилийн ойгоо тэмдэглэнэ. Энэ түүхэн цаг хугацаандаа ХЦ, ОБГ, ШШГГ гээд энэ олон сайхан цэрэгжсэн байгууллагуудтайгаа хамтран түүх бичилцэж байгаадаа баяртай байна. Цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

 

-Та бүхэнд баярлалаа.

Related news