УИХ-ын 2023 оны намрын ээлжит чуулганаар 224 хууль, 62 тогтоол баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-18 13:57:33

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, 224 хууль, 62 тогтоол баталлаа.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Органик бүтээгдэхүүний тухай зэрэг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталсан байна.


УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ "Намрын чуулган бүхэлдээ шинэтгэлийн чуулган болсон. УИХ ард түмний засаглах эрхийг хангах, төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, “3D” парламент буюу ардчилсан, ард иргэдтэйгээ зөвлөлддөг, цахим парламент болох зорилтоо хэрэгжүүлж ажиллалаа. УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулиар бүрдсэн парламент нь улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж, Засгийн газрын ажиллах таатай боломж нөхцөлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлсэн, таатай үр дүн олонтой гарсан хэдий ч анхаарах ёстой зарим асуудал бий. Улсын төсөв батлахаас эхлээд томоохон төслүүд гацах хүртэлх асуудал бүрийн алдааг УИХ-д тохдог арга барилаа өөрчлөх нь шударга ёсны зарчим, засаглалын тэнцвэрт харилцаанд нийцнэ.

Парламентын дархлааг сулруулж болохгүй гэдгийг төр засгийн байгууллагын албан тушаалтан бүр бодолцох ёстой. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах, тогтолцооны томоохон өөрчлөлтийг хөрсөнд буулгах маш чухал сонгуулийн жил эхэлж байна.

Нийгэм, цаг үеийн сорилтод тэнцэж, үйлдэл, үйл хэрэг бүрээрээ манлайлагч байгаарай" гэж гишүүдэд захилаа.


Related news