Монгол Улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгойн 1072 ширхэг хувьцааг эзэмшинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-01-17 17:39:00

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.


Тогтоолын төсөлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байлаа. Өөрөөр хэлбэл, тус компани иргэддээ ногдол ашиг тараах хэрэгтэй гэсэн ижил байр суурьтай байсан юм. Гэхдээ зарим гишүүний хувьд ногдол ашгийг зөвхөн сонгуулийн жилд тараадаг байж болохгүй. “Эрдэнэс Тавантолгой” нь хувьцаат компани тул жил бүр ногдол ашиг олгодог байх ёстой. Хувьцаат компаниуд ногдол ашиг тарааснаар дампуурч байсан түүх байхгүй. Хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тарааснаар үйл ажиллагаанд нь доголдол үүснэ хэмээн тус компанийн удирдлагууд тайлбарлаж байгаа нь зохисгүй хэмээн шүүмжилж байв.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр "Хэлэлцэж буй энэхүү төслөөр хувьцааны ногдол ашиг тараах эсэх шийдвэр гарахгүй, гол зохицуулалт нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харьяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 1072 ширхэг энгийн хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ" гэсэн тайлбарыг хийсэн юм.


Гишүүд ийнхүү асуулт асууж, тайлбар авсны дараа “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар санал хураахад олонх нь дэмжлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулж хэлсэн үгэндээ, "Нэг удаагийн ногдол ашиг тараах нь нэг хэрэг. Гэхдээ тус компанийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох хэрэгтэй. Иймд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг яаралтай боловсруулж, оруулж ирэхийг үүрэг болгож байна" гэв.







Related news