ХОВД: АНУ-ын их, дээд сургуульд сурсан түүх, туршлагаас хуваалцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-01-17 11:12:12

Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/.  MASA буюу Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбооны гишүүд Ховд аймагт ажиллаж байна.

Тус холбоо нь Ховд аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газартай хамтран нэгдүгээр сарын 16-18-ны өдөр “Rural Outreach Program-2024” хэмээх үйл ажиллагаа зохион байгуулж буй.  

Энэ хүрээнд тус холбооны удирдах зөвлөл болон гишүүдийн зүгээс өөрсдийн АНУ-д сурсан түүх, дурсамж, сайн туршлагаас хуваалцаж, Ховд аймгийн хүүхэд, залуус, сурагчдад зориулан мэргэжил сонголт,  карьер төлөвлөлт, их дээд сургуульд элсэн орох талаар зөвлөмж мэдээлэл түгээж байгаагаараа онцлогтой.     
    

Мөн АНУ-ын их, дээд сургуульд суралцаж төгссөн нэр бүхий төгсөгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж байна.

Эхний хэлэлцүүлэгт  МахониЛиотта хуулийн фирмийн партнер Д.Номин, Америкийн консулын орон нутгийн төлөөлөгч Н.Доржнамжин, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар оролцож, боловсролын үнэ цэнэ, дэлхийн хөгжилтэй оронд амьдарч байгаад Монголд ирсэн шалтгаан, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжууд зэрэг чөлөөт сэдвээр ярилцан,  сурагчдын сонирхсон асуултад хариулт өглөө.     

АНУ-д суралцах хүсэлтэй Ховд аймгийн оюутан залуус, сурагчдад зориулсан энэхүү үйл ажиллагаа  өнөөдөр 10:00 цагт Ховд аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжлэх ба нэгдүгээр сарын 18-нд Булган суманд болно.   

Related news