СЭЛЭНГЭ: Аяны туг хилийн отрядад хүрэлцэн очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-01-11 17:03:08

Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот дахь Монгол Улсын баатар, Ж.Нэхийтийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн хамт олон “Тайван Сүхбаатар” дэд хөтөлбөр, “Архигүй хамт олон” аяны тугийг хүлээн авлаа.

 

Аяны туг энэ сарын 09-15-ны өдрүүдэд тус ангид аялах бөгөөд тусгай төлөвлөгөөний дагуу ажил арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Тодруулбал өнөөдөр дөрвөн цагийн эргэлтэд халуун, хүйтэн аль ч цаг хугацаанд ажлаа хийж байдаг тохижилт үйлчилгээний газрын ажилчид болон Дархан-Сэлэнгийн такси үйлчилгээний жолооч нар, зарим иргэдэд аяны талаар танилцуулсан байна.

 

Мөн “no alcohol” аянд нэгдэхийг уриалан, яриа таниулга хийжээ. Аяны хүрээнд ангийн их эмч, ахлах дэслэгч О.Энхмаа дээрх ажилчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж, зөвлөгөө өгсөн байна.

 

Энэ үеэр хилчдийн бэлтгэсэн халуун аарц, чацаргана, амтат жигнэмгээр үйлчлүүлэгчдээ дайлжээ. 

Related news