ТӨВ: “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аян болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-08 18:10:03

Зуунмод 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологи, инновацийг орон нутагт нутагшуулъя” аяныг энэ сарын 11-нд Төв аймагт зохион байгуулна.

 

Тус аян нь орон нутагт шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар баримталж буй төр, засгийн бодлого, шийдвэрийг сурталчлах, шинжлэх ухаан, технологи, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинжлэх ухааны шинэ мэдлэг, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, орон нутгийг хөгжүүлэхэд нутгийн захиргааны байгууллага, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, бэхжүүлэх зорилготой аж. 


Энэхүү аяны хүрээнд нийт 4 сэдэв хичээл орох бөгөөд ШИМТ, Гарааны бизнес, Миний кодын эхлэл, Монголчуудын угийн бичиг зэрэг сургалтууд байна.


Тухайлбал, "ШИМТ" буюу Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи, Сэтгэлгээ-гоо зүй) хөтөлбөрийн онцлог, ач холбогдол, давуу тал, олон улсын туршлага, үр дүнг таниулах сургалт байх юм.

 

Уг сургалт нь 10:00-13:00 Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, физик, технологи, бага ангийн багш нар,14:00-17:00 СӨББ-ийн удирдлага, арга зүйч, багш нарын хүрээнд Боловсрол шинжлэх ухааны газрын Сургалтын танхимд болно.

 

"Гарааны бизнес"-ийн сургалт 09:00-17:00 цагт Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын сургалтын танхимд болохоор төлөвлөсөн бөгөөд аймгийн нийт бизнес эрхлэх сонирхолтой иргэд, залуучууд оролцох боломжтой.

 

"Миний кодын эхлэл" сургалтад Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9-11 дүгээр ангийн суралцагчид оролцох боломжтой бөгөөд 08:00-16:00 цагт Хүмүүн цогцолбор ахлах сургуульд болно.

 

"Монголчуудын угийн бичиг"-ийн сургалтад Төрийн албан хаагчид, иргэд, олон нийт оролцох боломжтой бөгөөд 09:00-17:00 цагт Аймгийн Нийтийн номын сангийн сургалтын танхимд болох аж.


Боловсрол, шинжлэх ухааны яамнаас санаачлан орон нутагт шинжлэх ухаан, технологи, инновац нутагшуулах аяныг 2022 онд эхлүүлсэн. Энэ аянд шинжлэх ухааны академи, шинжлэх ухаан технологийн сан, их дээд сургуулиуд, энтерпрейнер соёлыг түгээгч байгууллагууд хамтран оролцож байгаа аж.  

Related news