СЭЛЭНГЭ: Өвс, тэжээлийн аюулгүйн нөөц 65.9 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 825 тн өвс,
460 тн тэжээл байна. Энэ нь байвал зохих
нөөцийн 65.9 хувь аж.
Сэлэнгэ
аймаг 2023-2024 оны өвөл, хавар мал сүргийг байгалийн гамшгаас эрсдэл багатай
даван туулахын тулд малчдын түвшинд 160.9 мянган тн байгалийн хадлан, 46.5
мянган тн хүчит тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.
Гэвч аймгийн
хэмжээнд хадлан тэжээл бэлтгэл, ургац хураалтын үед хур бороо ихтэй байснаас
ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлийн ажил цаг хугацааны хувьд удааширч зохих
түвшинд бэлтгэж чадаагүй байна.
Гэсэн ч
малчдын түвшинд 165.5 мянган тн өвс, 1000 тн сүрэл, 14.4 мянган тн ногоон
тэжээл, 34.5 мянган тн үйлдвэрийн
тэжээл, 5.5 мянган тн дарш, 80 тн гар тэжээл, 3.9 мянган тн эрдэс тэжээл бэлтгэжээ.
Энэ нь малчин болоод мал бүхий иргэдийн түвшинд бэлтгэх өвс, тэжээлийн 97.2
хувь юм.
Мөн аймгийн
тухайд бизнесийн зориулалтаар 21.1 мянган тн өвс, 2,8 мянган тн ногоон тэжээл
бэлтгэжээ. Үүнээс 12.9 мянган тн байгалийн хадлан, 1.3 мянган тн ногоон тэжээлийг
борлуулаад байна. Одоогийн байдлаар үлдэгдэл байгалийн хадлан 5.1 мянган тн,
ногоон тэжээл 1.5 мянган тн байгаа аж.
Түүнчлэн
тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үйлдвэрт тэнцээгүй 10.7
мянган тн улаан буудай байгаа бөгөөд нэг тн нь 800.0 мянган төгрөгийн үнэтэй байна.
Аймгийн
Онцгой комиссын 2023 оны 13 дугаар хуралдаанаар аймгийн аюулгүйн нөөц
бүрдүүлэхэд шаардагдах 15 сая төгрөгийг шийдвэрлэж, 2024 оны нэгдүгээр сард
санхүүжилтийг олгохоор болжээ.