ЗАВХАН: Сав газрын хэмжээнд 116 булаг шандыг хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-12-28 15:41:17

Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. 2023 онд Завхан аймагт усны салбарт хийсэн онцлох ажлуудын талаарх мэдээллийг Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас өглөө.


Завхан аймагт энэ жил нийт 7 булгийн эхийг хашиж хамгаалав. Тухайлбал Завханмандал сумын Тохойн булаг, Цагаанчулуут сумын Ар шандны булаг, Алдархаан сумын Ямаан усны булаг, Сантмаргац сумын Хөх толгойн булаг, Эрдэнэхайрхан сумын Баянзүрх булаг, Мөсөнгийн булаг, Цэцэн-Уул сумын Толгойн булгуудын эхийг хашиж хамгаалсан байна.


Эдгээр булгийн эхийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж, эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийн нийт 98 сая төгрөгийн санхүүжилт, орон нутгийн 18 сая төгрөгийн төсвөөр хашиж хамгаалсан байна. Ийнхүү Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд нийт хамгаалагдсан булаг шанд 7-оор нэмэгдэж 116 боллоо.


Энэ онд Завхан аймагт татмын ойжуулалтыг эрчимтэй хийлээ.


Завхан аймгийн Алдархаан суманд 10 га, Цагаанхайрхан суманд 10 га-д татмын ойн нөхөн сэргээлт хийх талбайнуудыг тодорхойлж зурагжуулан АДАПТ төслийн санхүүжилтээр татмын ойжуулалтын ажлыг хийсэн байна. Сав газрын хэмжээнд татмын ойжуулалт хийх боломжтой Завхан аймгийн Алдархаан, Улиастай, Цагаанхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумдын 110 га талбайг тодорхойлон зурагжуулаад байна.


Мөн энэ жил Завхан аймагт загасны нөөц тогтоох судалгааны ажил хийв.


Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны хар нуурын загасны нөөцийг тогтоох судалгааны ажлыг Монгол Улсын шинжлэх ухааны академи Биологийн хүрээлэнтэй хамтран хийж гүйцэтгэсэн байна гэж Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Related news