“Өвсний үндэс” буцалтгүй тусламжаар Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн байрыг засварлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-12-28 12:41:52

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.


Энэхүү төслийн гэрээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон Баянзүрх дүүргийн Засаг дарга Нацагийн Баянмөнх нар энэ сарын 27-ны өдөр гарын үсэг зурав. Уг ёслолд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн оролцлоо.


Энэхүү төслөөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 61 дүгээр цэцэрлэгийн байрыг бүрэн засварлах юм. Үүнд цэцэрлэгийн дээвэр, гадна фасад, гал тогооны өрөөний агааржуулалт, цонх, хаалга, шал, тааз, хана, цэвэр, бохир усны хоолой, халаалтын радиатор зэргийг засварлаж, эрүүл аюулгүй сургалтын орчныг бүрдүүлж, тус дүүргийн боловсролын чанарыг дээшлүүлнэ хэмээн найдаж буйгаа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү илэрхийлэв.


Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжүүлэх Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 597 дахь, Баянзүрх дүүрэг хэрэгжих 23 дахь төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 282,426 ам.доллар юм. 






Related news