ТӨВ: Аймгийн 15 сум зудын байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-22 09:11:03

Зуунмод, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын газрын харилцаа, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос холбогдох байгууллагуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, сумдтай цахим хурал хийв.

 

Энэхүү хуралдаанаар аймгийн нөхцөл байдлыг танилцууллаа. Тухайлбал, Аймгийн нийт газар нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтсон байдалтай байгаа бөгөөд тэр дундаа Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт сум эрсдэл ихтэй ба цагаан зудтай байна.

 

Аймгийн хэмжээнд өвөлжилт хүндэрсэн, 15 сум зудын, есөн сум зудархуу, цасны нягтаршил их, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй, зам даваа хаагдаж боогдсон, малчид, иргэд зорчих боломжоор хязгаарлагдсан, алсын дуудлага эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хүндэрсэн байдалтай байв.

 

Тус хорооноос эдгээр асуудлуудад дараах шийдвэрүүдийг гаргаж үүрэг болгов. Үүнд,

1. Аймгийн аюулгүйн нөөц болон өвс тэжээлийг нэмж нөөцлөн сумдын малчид, иргэдэд хөнгөлөлттэй үнээр борлуулж, дэмжлэг үзүүлэх

2.Аймгийн тариалан эрхлэгчдээс өвс тэжээлийн нөөцийн судалгааг нарийвчлан гаргаж, өвс тэжээлийн будааг аймгийн болон сумын нөөцөд нөөцлөх, мөн аймаг доторх аж ахуй нэгжүүдийг сумдын малчидтай гэрээ байгуулан өвс тэжээлээр хангах, өвс, тэжээлийг аймаг дотроо борлуулах бодлого барих

3.Аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа шатахуун түгээх станцуудтай гэрээ байгуулж бензин, шатахууныг нөөцлөн шатахууны 15 хувийг сумын онцгой комиссын мэдэлд шилжүүлэн иргэд малчдад олгуулах, мөн аймгаас цаг хүндэрсэн сумдад шатахууны дэмжлэг үзүүлэх

4.Туулах чадвар сайтай техник хэрэгслүүдээр шаардлагатай сумдыг аймгийн Онцгой байдлын газар, Хуурай цэргийн командлал цэргийн ангийн дэмжлэгтэйгээр тодорхой хугацаанд сумдад ажиллуулах

5.Сумдын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, туулах чадвартай техник хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллах

6.Аймаг хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжиж, мах болон тэжээл бэлтгэх ажил дээр дэмжлэг үзүүлэх

7. Сумдын Нутгийн зөвлөл, ААН, байгууллагууд иргэд, малчдаа дэмжих аяныг өрнүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгааг онцлоод, эдгээр ажлуудыг цаг алдалгүй зохион байгуулахыг холбогдох байгууллагууд, сумдын удирдлагуудад үүрэг болгов.

 

Related news