АРХАНГАЙ: Төрийн албаны 99 сул орон тоог нөхжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-12-21 10:46:18

Эрдэнэбулган, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Архангай дахь салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албаны нөөц бүрдүүлэх зорилгоор төрийн албаны ерөнхий шалгалтыг энэ онд 4 удаа зохион байгуулжээ. Ерөнхий шалгалт өгөхөөр нийт 470 иргэн бүртгүүлснээс 77.6 хувь нь буюу 365 иргэн шалгалтад орж, 158 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгүүлсэн байна.


Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд ирүүлсэн захиалгын дагуу 2023 онд төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг 2 удаа, төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтыг 3 удаа, аймгийн хэмжээнд давхардсан тоогоор нийт 352 албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 5 удаа зохион байгуулж, 170 иргэн өрсөлдсөнөөс 58.2 хувь буюу 99 иргэн шалгалтад тэнцэж, зарласан орон тооны 28.1 хувийг буюу 99 сул орон тоог нөхөөд байна.


Мөн энэ онд аймгийн хэмжээнд төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын 318 сул орон тоог нөхөх 3 удаагийн тусгай шалгалт зарласнаас 82 албан тушаалд 142 иргэн өрсөлдсөн. Хамгийн өндөр оноо авсан 82 иргэнийг тус тусын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, сул орон тоог нөхсөн байна.





Тайлант онд давхардсан тоогоор төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн 34 албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлаж, 28 иргэн оролцсоноос 60.7 хувь нь буюу 17 иргэн тэнцэж, зарлагдсан сул орон тооны 50 хувь нь буюу 17 сул орон тоог нөхжээ.


 

Өөрөөр хэлбэл, аймгийн хэмжээнд энэ онд төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 347 сул орон зарлагдсаны 99 сул орон тоог нөхөөд байна. 

Related news