ТӨВ: Англи хэлний үсэглэлийн тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-12-18 15:55:34

Зуунмод 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод сумын англи хэлний үсэглэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-ны өдөр Төв аймгийн Нийтийн номын санд болов. Энэхүү тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд Залуучуудын хөгжлийн зөвлөлөөс хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа аж.

 


Тус тэмцээн англи хэлний үгсийн санг нэмэгдүүлэх, англи үг, үсгийг зөв дуудаж сурах, идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хэлний авьяастай сурагчдыг урамшуулах, хөгжүүлэх зорилготой бөгөөд нийт 7 багийн 35 сурагч оролцов.

 

Үүнээс, Тэргүүн байрыг Cyclones баг эзэлсэн бол дэд байрт Seekers, гутгаар байрт The union of three, тусгай байрт Running river баг тус тус шалгарчээ.


Зуунмод хотын Залуучуудын хөгжлийн зөвлөлийн тэргүүн Ц.Ууганбаатар, “Энэ тэмцээнд багийн ажиллагаа маш чухал байдаг. Иймд сурагчдын багийн ажиллагаа илүү сайжрах, нэг нэгнийгээ дэмжиж сурах давуу талтай. Энэхүү тэмцээнийг өргөжүүлэн Төв аймгийн 27 сумын хэмжээнд зохион байгуулахаар хэлэлцээрийн түвшинд явж байна” гэв.

 

Оролцогчдын төлөөллөөс тодруулахад, “Энэ жилийн хувьд хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа болохоор зохион байгуулалт сайжирсан байгаа нь таалагдлаа. Өрсөлдөгч хүүхдүүдийн хувьд өмнөх жилээс илүү чадварлаг болсон байна. Мөн дуудлагын ялгаа гарч ирснээр асуудал үүсэж байсан бол энэ удаад тийм асуудал байгаагүй учраас сэтгэгдэл өндөр байна” гэв. 




Related news