Марапи галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2023-12-06 12:19:52

ЖАКАРТА, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /DW/. Индонезийн Марапи галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан 11 хүний цогцос олдсоноор амиа алдагсдын тоо 22 болж нэмэгдлээ гэж холбогдох албаныхан мягмар гарагт мэдээлжээ.


“Цаашид эсэн мэнд үлдсэн хүмүүсийг олох найдлага тасарч байна” гэж орон нутгийн эрэн хайх, аврах албаны дарга Абдул Малик мэдээлжээ. Өнгөрсөн ням гарагт уулнаас 50 гаруй хүнийг аварч, 11 хүн амиа алдсан болох нь батлагдаад байсан юм.


“Багийн гишүүдийнхээ аюулгүй байдлыг бид эн тэргүүнд тавих ёстой. Өчигдөр оройноос хойш тасралтгүй бороо орж, зам халтиргаатай болсон нь нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд саад учруулж байна гэж А.Малик нэмж хэллээ. 


Олон уулчин буудалласан байж магадгүй хадархаг газар руу аврагчид гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Улмаар даваа гарагт хоёр хүний цогцос олдсон бол мягмар гарагт есөн хүний цогцос олджээ. Одоогоор нэг хүн сураггүй хэвээр байна.


Суматра арал дээрх Марапи уулыг Ява арлын төстэй нэртэй Мерапи галт уултай андуурах тохиолдол бий. 2891 метр өндөр Марапи галт уул нь Индонезын хамгийн идэвхтэй галт уулуудын нэг юм.


Мэргэжилтнүүд сүүлийн хэдэн сарын хугацаанд галт уулын идэвхжил нэмэгдэж байгааг илэрхийлэх шинж тэмдгийг илрүүлсэн байна. Марапи галт уул ням гарагт дэлбэрснээр 3000 метрийн өндөрт үнс нурам цацагдаж, ойролцоох тосгодын иргэд хүндээр түлэгджээ.


Эрх баригчид галт уулын тогооны эргэн тойрон дахь 3 км-ийн радиус дахь орон зайг нүүлгэн шилжүүлэх бүс болгож, галт уулын үнс нурмаас өөрсдийгөө хамгаалахын тулд оршин суугчдад амны хаалт, малгай, нүдний шил зүүхийг зөвлөсөн байна.


Ням гарагт болсон дэлбэрэлтээс хойш олон арван жижиг дэлбэрэлтүүд бүртгэгджээ. Индонез нь Номхон далайн галт цагирагт оршдог бөгөөд галт уулын болон газар хөдлөлтийн идэвхжил өндөр байдаг. Тус улсад 130 орчим идэвхтэй галт уул бий.



Related news