COP28: Олборлодог түлшний хэрэглээг зогсоох чиглэлд амлалт өгөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-03 15:39:55

ДУБАЙ, 2023 оны арванхоёрдугаар сарын 3 /BBC/. Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хуралд /COP28/ оролцож буй

улс орнууд, газрын тосны компаниуд дэлхийн дулааралтай тэмцэхэд томоохон ахиц дэвшил гаргахаа амлалаа.


Тодруулбал, дэлхийн 100 орчим улс орон 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг гурав дахин нэмэгдүүлнэ гэж амлажээ. Мөн Саудын Арабын Aramco зэрэг газрын тос, байгалийн хийн 50 компани 2050 он гэхэд манай гаргийг дулаарахад нөлөөлж буй хийнүүдийг нэмж ялгаруулахаа зогсоохоо амлав.


Гэхдээ энэ нь зөвхөн олборлолтоос ялгарах хийнүүдэд хамаатай бөгөөд чулуужсан түлш шатаахтай хамаарахгүй тул уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг дорвитой шийдэхгүй хэмээн шүүмжлэгчид хэлж байна.


Харин Дубайд болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр сэргээгдэх эрчим хүчийг гурав дахин нэмэгдүүлэх амлалт өгсөн орнуудын удирдагчид эл шийдвэр нь 2050 он гэхэд дэлхийн эрчим хүчний системээс чулуужсан түлшийг халахад тусална гэж мэдэгджээ.


Компаниудын амлалтыг дэмжиж буй Европын Холбоо, COP28-ыг зохион байгуулагч АНЭУ зэрэг орнууд энэхүү амлалтыг эцсийн хэлэлцээрт оруулахыг хүсэж байгаа тул бага хуралд оролцож буй 200 орчим улс бүгд гарын үсэг зурна гэсэн үг юм.


Байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх амлалтыг хянамгай хүлээн авч байгаа боловч газрын тос, байгалийн хийн компаниудын амлалтыг “ногоон угаалт” гэж дүгнэжээ.

Related news