ДОРНОД: Нярайд скрининг шинжилгээ хийх боломж бүрдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2023-11-24 08:05:35

Чойбалсан, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Дорнод аймагт нярайн скринингийн төвийг нээлээ. Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр АШУИС-ийн Нярайн скринингийн төвтэй болсноор цаг алдалгүй нарийн шинжилгээнүүдийг хийж оношлон эмчлэх боломж бүрдэж байгаа юм.


Скрининг шинжилгээ нь нярайн хэдэн дусал цусыг шинжилж, төрөлхийн хөгжлийн гажиг, дотоод шүүрэл, бодисын солилцооны эмгэг байгаа эсэхийг илрүүлснээр эмчилгээнд цаг алдалгүй хамруулах юм. Ийнхүү эрт үеийн эндэгдэл, оюуны хомсдол, бие бялдрын хөгжлийн хоцрогдол, улмаар хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж нэмэгдэж байна.


Сонирхуулахад, дэлхий дахинаа 1965 оноос нярайн скрининг шинжилгээг эхлүүлж, өдгөө 70 гаруй орон 40 гаруй төрлийн эмгэгийг илрүүлэх шинжилгээг хийж байна. Хөгжингүй бүх оронд скрининг шинжилгээг эрүүл мэндийн системдээ нэвтрүүлсэн байдаг. Харин манай орны хувьд 2010 оноос түнхний скрининг, 2012 оноос эхлэн амаржих газрууд бамбай, сонсголын эмгэг илрүүлэх шинжилгээг хийж эхэлжээ. 

Related news