Австралийн фермерүүд хонио үнэгүй өгч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-23 15:34:44

КАНБЕРРА, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /CNBC/. Австралийн хонины тоо толгой хэт их өссөний улмаас хонины махны үнэ унаж, фермерүүдийн зарим нь зардлаа хэмнэхийн тулд хонио нядлах юм уу эсвэл үнэгүй өгч эхэлжээ.


Хонины махны үнэ сүүлийн нэг жилийн хугацаанд 70 хувиар буурч, нэг кг нь 1.23 ам.доллар болсныг Австралийн мах, мал аж ахуйн (MLA) компани мэдээлжээ.


Австралийн Шинэ Өмнөд Уэльс, Виктория зэрэг хонины аж ахуйн гол бүс нутагт сүүлийн гурван жил дараалан дунджаас илүү хур тунадас орсон нь хонин сүргийн тоо толгой өсөхөд нөлөөлжээ.  Хур тунадас их орсноор өвс ногоо сайн ургаж малын тоо толгой өссөн байна.


Австралийн хонины аж ахуйн холбооны дарга Эндрю Спенсер CNBC-д хэлэхдээ "Бороо сайн орж, бас зах зээл удаан хугацаагаар сайн байсан тул фермерүүд хонио өсгөж, улмаар тэдний тоо толгой өссөн" гэжээ. Одоо хонины фермийн аж ахуй эрхлэгчид хонио тарга тэвээрэг авхуулахын оронд ферм дээрээ байгаа хэт олон хониноосоо нядалгааны газар юм уу эсвэл зах руу илгээж байна гэж тэрбээр ярилаа.


Фермерүүд малаа нядлахаас илүү бусдад өгөхийг хүсэж байгаа хэдий ч үнэгүй хонь авах хүн тийм ч олон биш байна гэж тэрбээр нэмж хэлжээ.

Related news