“ОПЕК+” бүлгийн уулзалт хойшилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-11-23 09:41:30

ВЕНА, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /NHK/. “ОПЕК+” буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын гишүүн ба гишүүн бус 10 улс энэ сарын 30-ны өдөр товлоод байсан сайд нарын түвшний уулзалтыг дөрвөн өдрөөр хойшлуулахаар болсноо лхагва гарагт мэдэгдлээ. 


Тус байгууллага уулзалтыг ямар шалтгаанаар хойшлуулахаар болсныг мэдэгдэлд дурдсангүй. Харин “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, газрын тосны олборлолтоо сайн дурын үндсэн дээр өдөрт нэг сая торхоор бууруулах шийдвэрээ үргэлжлүүлэн хэрэгжүүлж буй Саудын Араб олборлолтын квотын талаар бусад гишүүн оронтой санал зөрөлдөөнтэй байгаа бөгөөд энэ шалтгаанаар уулзалт хойшлоход хүрсэн байна.


“ОПЕК+” дээрх мэдэгдлийг гаргаж, олон улсын хэвлэлүүдээр холбогдох мэдээлэл цацагдсаны дараа Нью-Йоркийн биржийн лхагва гаргийн арилжааны явцад WTI маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 5 хувиар унаж, нэг торх нь 73 ам.доллар болжээ. “ОПЕК+” газрын тосны үнийн уналтыг зогсоохын тулд олборлолтоо дахин бууруулах асуудлыг хэлэлцэж байна гэж өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээлж байв.

Related news