БАЯНХОНГОР: Хүүхдийн спортын наадмыг орон нутагт зохион байгуулах нь олон давуу талтай байсныг онцоллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-11-06 09:48:29

Баянхонгор, 2023 оны арвандүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Орон нутагт анх удаа болсон Монголын хүүхдийн спортын зуны VII наадмын зохион байгуулах хороо үйл ажиллагааны тайлангаа Биеийн тамир, спортын улсын хороонд танилцууллаа. 


“Нөхөрлөе-Хөгжье-Хамгаалъя” уриан дор Монголын хүүхдийн спортын зуны VII наадам энэ оны зургаадугаар сарын 19-29-ний өдрүүдэд Баянхонгор хотноо болсон. Наадамд 21 аймаг, есөн дүүргийн өсвөрийн 5000 гаруй тамирчин спортын 23 төрөлд 1500 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.


Наадамд нийт 3776 тамирчин оролцсоны 61 хувь нь эрэгтэй (2096), 39 хувь нь эмэгтэй (1335) тамирчин байжээ. Усанд сэлэлтийн төрөлд оролцсон Э.Эрхэс 16 медаль хүртсэн нь тус наадмын дээд амжилт болсон юм.


Улсдаа “Бага олимп”-ыг хамгийн олон удаа зохион байгуулсан Баянхонгор аймаг 11 зочид буудал, найман сургууль, 16 цэцэрлэгийн байр, 30 гаруй нийтийн тээврээр үйлчилж, орон нутагт томоохон наадам хийх боломж байгааг Баянхонгорын Хүүхдийн спортын наадмын зохион байгуулалтаар харуулсан.


Мөн 3600 гаруй төрийн албан хаагч, 113 хүүхэд, иргэн хамтран ажилласан бөгөөд наадамд оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 34 байршилд 54 камер суурилуулж, шилэн кабельд холбон хяналт тавин ажиллажээ.


Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга “Наадмын аюулгүй байдлыг сайн хангаж ажиллалаа. Монголын хүүхдийн спортын наадмыг орон нутагт зохион байгуулах нь олон давуу талтай. Хүүхэд багачууд спортоор хичээллэх эрмэлзэл нэмэгдэж, спортын үйл ажиллагааг дэмжих сэтгэхүй орон нутагт тогтож, аймгаа сурталчлах томоохон алхам болсон. Наадам зохион байгуулах явцад гарсан эрсдэлийг цаг алдалгүй арилгаж, нөр их ажлыг амжилттай зохион байгуулсан нийт Баянхонгорынхонд, төрийн албан хаагчдад, зохион байгуулах хорооныхонд талархал илэрхийлье” гэсэн юм. 


Түүнчлэн тус наадмын үеэр цахилгааны нөөц эх үүсвэрийг бэлтгэхэд хяналт тавьж, гурван дэд станц, дөрвөн зөөврийн туслах цахилгаан эх үүсвэр ажиллуулсан нь наадмыг саадгүй зохион байгуулахад чухал нөлөө үзүүлсэн гэж зохион байгуулагчид дүгнэж байна. 


Наадмын үеэр хог хаягдлын ангилан боловсруулах ажлыг хийхдээ 1.5 тонн хуванцар савыг ангилан авч хоёрдогч түүхий эд боловсруулах газарт нийлүүлсэн нь өмнөх наадмуудаас онцлог ажил байв. Баянхонгор аймгийн БТСГ, Улаан загалмайн хороотой хамтран наадамд оролцогч тамирчин, багш нарт хөтөч, зөвлөгчийн үүрэг гүйцэтгэх 113 сайн дурын ажилтныг тамирчдын байрласан 21 цэг, спорт заалуудад ажиллуулсан байна. 


Наадмын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нийт 1031, анхны тусламж үйлчилгээ үзүүлсэн 999, түргэн тусламжийн дуудлага дуудсан хүний тоо 32 байсан ба эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай ажилласан болохыг мөн дурдлаа. 


Аюулгүй байдлыг сахин хамгаалахад цагдаагийн газраас 88, зэвсэгт хүчний 339 дүгээр ангиас 40 алба хаагч 58 чиглэлд ажилласан байна.





Related news