ЗАВХАН: Хүүхэд залуучууд сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-17 15:07:00

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд хариуцлагатай сонгогч сургалт болж, ахлах ангийн 50 гаруй хүүхэд оролцжээ.


БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буй юм.


Сургалтын дөрөв, тавдугаар ээлжийг 10 дугаар сарын 11-14-ний өдөр Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын I, II  сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийг хамруулан зохион байгуулсан байна.


Энэ сургалтаар сонгох, сонгогдох эрх болон сонгуулийн ач холбогдлыг ойлгуулж, сонгуулийн үйл явц, мөрийн хөтөлбөрт дүн шинжилгээг хэрхэн хийдэг болох. Мөн хууль бус сурталчилгаанд автахгүй байх чадварт сургаж хүүхдүүдэд сонгуулийн тухай ойлголт мэдлэгийг өгч буй юм.


Ер нь сонгуулийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, залуу сонгогчдыг чадавхжуулах, идэвх, оролцоог нь нэмэгдүүлэх, эрхээ эдлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой энэ сургалт олон талын эерэг үр дүнг авч ирнэ гэж харж байгаа юм.


Гол нь эдгээр залуучууд сонгох, сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болно гэж үзэж байна. Түүнчлэн төслийн хүрээнд үе шаттай сургалтуудад хамрагдсан оюутан, сурагчид сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг.


Хяналт тавьж хамтран ажиллах, хариуцлагатайгаар саналаа өгч сонгогчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх. Сонгуулийн үед болон сонгуулийн дараа хариуцлагатай сонгогч болоход шаардлагатай мэдээллийг энэ сургалтаас олж авч байна гэж Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг хариуцсан сургагч багш аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн У.Батзаяа мэдээлэв.


Ташрамд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 10-наас эхлэн 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт явуулж байна.


Улсын хэмжээнд Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, сургалтын төвийн аймаг/дүүрэг хариуцсан төлөөлөгч, сургагч багш нар “Сонгууль ба Сонгох, сонгогдох эрх”, “Сонгуулийн үйл явцыг ойлгох нь”, “Хариуцлагатай сонгогч байх нь” гурван үндсэн сэдвийн хүрээнд 18-25 насны залууст хичээл зааж буй юм. 


Related news