ТӨВ: “Хүрэл тулга-2023” хүүхдийн яруу найргийн наадам болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2023-10-04 16:34:53

Зуунмод, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Төв аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд аймгийн хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга-2023 наадмыг хоёр дахь удаагаа зохион байгууллаа. Тус наадмыг Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 2018 онд анх зохион байгуулж байсан юм.


Энэ удаагийн наадмын нэгдүгээр шатанд нийт 60 оролцогч шүлгээ цахимаар илгээж оролцсон бөгөөд хоёрдугаар шатанд 43 хүүхэд тэнцсэн байна.

 


Үүнээс 7-9 дүгээр ангийн дунд насны ангилалд "Би" сэдвийн хүрээнд тэргүүн байрыг Архуст сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Э.Хэрлэн эзэлж, Архуст сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Г.Энхсайхан дэд байр, Лүн сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч Н.Буманжаргал гутгаар байр, Мөнгөнморьт сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч Г.Цэрэннадмид тусгай байрыг тус тус эзэлжээ.

 

10-12 дугаар ангийн ахлах насны ангилалд "Ирээдүй" сэдвийн хүрээнд Баянцогт сумын ЕБС-ийн 10 дугаар ангийн сурагч Б.Урантөгс тэргүүн байр, Зуунмод сумын ХЦ ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Ш.Дэлгэрбаяр дэд байр, Баянцогт сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч А.Хүслэн гутгаар байр, Баянхангай сумын ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагч М.Ундармаа тусгай байрт тус тус шалгарчээ. 

Төв аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнээс тодруулахад, “Энэ удаагийн яруу найргийн уралдааныг нээлттэйгээр зохион байгуулснаараа онцлог боллоо. Урьд нь нэг сургуулиас, нэг сумаас, нэг оролцогч гэдэг байсан. Ер нь шинэ үеийн уран зохиолын үндэслэгч манай аймгаас төрөн гарсан, Болор цом яруу найргийн наадмын 12 удаагийн тэргүүн байрыг хүртэж байсан гээд Төв аймаг нь яруу найргийн өлгий нутаг юм” гэв.


Харин ахлах насны ангиллын дэд байрын шагналт 11 дүгээр ангийн сурагч Ш.Дэлгэрбаяр, "Төв аймгийн гэх тодотголтой яруу найргийн тэмцээнд оролцсондоо баяртай байна. Яруу найргийн тэмцээнд оролцох нь их зүйлсийг сонсож, өөртөө дүгнэлт хийх, улам сайжруулах тал дээр анхаарах боломжийг өгдөг давуу талтай. Харин энэ удаагийн тэмцээнд зарим сэдвийг хориглосон, зохион байгуулалт тааруу, цагтаа эхлээгүй гэх мэт асуудлууд байсан" гэлээ. 

Related news