СҮХБААТАР: Намрын ногоон өдрүүдэд 12 сумын 100 орчим үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-10-02 16:19:17

Баруун-Урт, 2023 оны 10 дугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, харилцан туршлага солилцуулах, орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж, хөгжүүлэх арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд-Сүхбаатарт үйлдвэрлэв 2023" үзэсгэлэн худалдааг 13 дахь жилдээ зохион байгуулж байна.


Сүхбаатар аймгийн аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2023 оны эхний 8 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 138,2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 36,8 тэрбум төгрөгөөр өсжээ. Үүнд уул уурхай олборлолт 28,8 тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 6,6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Мөн боловсруулах үйлдвэрийн салбарт гурил, гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн оёмол бүтээгдэхүүн зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4,3 дахин өссөн байна.


"Намрын ногоон өдрүүд-Сүхбаатарт үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн худалдаа 10 дугаар сарын 2,3-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 12 сумын 100 орчим үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч оролцож байна. Үйлдвэрлэл эрхлэгчдийг 10 төрлийн номинациар шилдгээр шалгаруулах бөгөөд Гран при шагналын эзэн шилжин явах цом, мөнгөн шагналын эзэн болно. 


Related news