ХОВД: Иргэдэд хөнгөлөлттэй үнээр олгох нүүрсний хэмжээг нэмнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-02 15:05:48

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн иргэдэд Хөшөөтийн уурхайгаас хөнгөлөлттэй үнээр олгох нүүрсний хэмжээг нэмэхээр болжээ.


Тодруулбал,  "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхай нь Ховд аймгийн нийт 23.537 өрх бүрд хоёр тонн нүүрс үнэ төлбөргүй олгож, тээврийн зардлаа хариуцахаар шийджээ. Мөн энэ жил нүүрсний үнийг 90 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар аймгийн удирдлагуудтай тохиролцов.  


Түүнчлэн орон сууцанд амьдардаг 3900 өрхийн дулааны төлбөрөөс 25 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ


Өмнө нь Хөшөөтийн уурхайн нөлөөллийн бүсийн долоон сумын өрхөд 26 мянган тонн нүүрс олгодог байсан. Үүнийг өнгөрсөн онд бүх сумын өрхөд тэгш хүртээмжтэй байх зарчмаар 35 мянган тонн болгож, 34.6 хувиар нэмэгдүүлсэн. Харин энэ жил өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хөнгөлөлттэй нүүрсний хэмжээг 45.420 тонн болгож нэмлээ.    


Ингэснээр иргэдээс 1.2 тэрбум төгрөгийн бодит хэмнэлт гарна гэж албаныхан үзэж байна.   

 

 

Related news