БАЯН-ӨЛГИЙ: Бүргэдчдийн тэмцээнд 150 орчим бүргэдчин өрсөлдөж байна
ФОТО МЭДЭЭӨлгий, 2023 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаануудын нэг болох "Алтан бүргэд" бүргэдчдийн баяр Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хойлог толгой хэмээх газарт өнөөдөр эхэллээ.
Тус үйл ажиллагааг Казах шувуулахуйн холбоо, Буянт сумын ЗДТГ хамтран зохион байгуулж байна.
Бүргэдийн баярт тус аймгийн 13 сумаас 150 орчим бүргэдчин оролцож, бүргэдээ өөртөө дасгасан байдал, ан агнахад сургасан байдлаа сорин өрсөлдөж байна.
"Бүргэдийн баярыг энэ жил 24 дэх удаагаа зохион байгуулж байна. Цар тахлын өмнө буюу 2019 он бол тус баярын оргил үе байсан. Тухайн онд гадаадаас мянга гаруй жуулчин ирж сонирхсон. Цар тахлын дараа буюу 2022 онд ирсэн жуулчдын тоо тийм ч олон байгаагүй ч бид үйл ажиллагаагаа тасалдуулалгүй зохион байгуулсан. Энэ жилийн хувьд гадаадын жуулчдын тоо их байгаа. Нийтдээ мянга орчим жуулчин оролцож байна гэж үзэж байгаа. Гэхдээ тасалбар борлуулах ажил үргэлжилж байна.
Баярын хүрээнд бүргэдчдийн үндсэн тэмцээнүүдээс гадна 6 гэр барьж "Дэлхийн өв - Монгол Алтайн хадны зураг" үзэсгэлэн, "Монгол орны цармын бүргэдийн судалгаа, өв соёл ба хамгаалал" төслийн танилцуулга, аймгийн Музейн ховор үзмэрүүдийн үзэсгэлэн, урианхай түмний өв соёлын үзэсгэлэнг тус тус гаргаж олон нийтэд танилцуулж байна. Түүнээс гадна урианхай сур харваа, казах түмний үндэсний тоглоом болох тулам булаалдах, мөнгө шүүрэх, эрэгтэй, эмэгтэй хосуудын морин уралдаан зэрэг тэмцээнүүдийг давхар явуулж байгаа" хэмээн Казах шувуулахуйн холбооны гүйцэтгэх захирал Б.Бекболат хэлэв.
Бүргэдийн баярт бүргэдчдээс гадна Баян-Өлгий болон Ховд, Увс, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотоос худалдаа наймаа эрхэлдэг хүмүүс олноор оролцож, үндэсний онцлог бүхий гар урлал, хатгамал, хоол унд, бэлэг дурсгал, гар зураг, хувцас зэрэг бүтээгдэхүүнүүдээ гадаад, дотоодын аялагчдад танилцуулан борлуулж байна.
Бүргэдчид өнөөдөр уулын дээр байгаа бүргэдийг богино хугацаанд гар дээрээ
дуудан буулгаж өрсөлдсөн. Харин маргааш бүргэдээ "шырга" буюу ангийн арьсаар
хийсэн хиймэл өгөөшинд буулгаж, ан агнахад хэрхэн сургаснаа сорих бөгөөд зохион
байгуулагчид шилдэг бүргэдчнийг 3 сая төгрөг, дэд байрт орсон бүргэдчнийг 2
сая, гуравдугаар байрт шалгарсныг нь 1 сая төгрөгөөр тус тус шагнах юм.