ХОВД: Гурван удаа алтан медаль хүртсэн толгой, шийртэй цай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-29 14:31:18

Жаргалант /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Дарви сумын иргэн Х.Сайнбилэг өчигдөр "Жангар" цайны зам өв соёлын наадмын үеэр халх угсаатны уламжлалт  толгой, шийртэй цай чанаж, иргэд, жуулчдыг дайлж үйлчиллээ.

Цайг сутай үүлдрийн хонины толгой, шийр, сүүл, гургалдай, хөх тарианы гол зэргийг ашигладаг бөгөөд 108 удаа самарч, хоёр цаг битүү таглаж чанадаг байна.


Цай чанах явцад 3-4 орчим кг жинтэй гуулин шанага, данх, бусад уламжлалт хэрэгсэл ашиглав. Энэхүү цай нь ядаргаа тайлах, хоол орлох боломжтой цай гэдгээрээ онцлогтой. 


Х.Сайнбилэг гуай 20 жилийн өмнө нэгэн айлд зочлохдоо тус цай чанах аргыг үзсэн ба эрүүл мэндийн ач холбогдлыг бодолцон өөрийнхөөрөө баяжуулж иржээ.

Тус цайгаараа баруун бүсийн хэмжээнд зохион байгуулсан тэмцээн, томоохон үйл ажиллагаанд оролцдог бөгөөд халх угсаатны цай чанах уламжлалт арга, цайны амт, чанар нь олны талархлыг хүлээж, баруун бүсийн уралдаанаас гурван удаа алтан медалиар шагнуулсан байна.

"Цайнд ашиглаж буй толгой, шийрийг ямар нэгэн хий (газ), шатахуун ашиглахгүй, харин уламжлалт аргаар хуйхалдаг. Малын толгой, шийр бол хаягдал биш. Цайнд хэрэглэж эрүүл мэндээ дэмжих зорилгоор энэхүү цайг бэлтгэдэг болсон" гэж Х.Сайнбилэг гуай хэллээ. 


 

Related news