ХОВД: "Жангар" цайны зам өв соёлын наадам өргөн дэлгэр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-28 19:27:11

Жаргалант /МОНЦАМЭ/.  Олон угсаатны соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэгч “Жангар” цайны зам өв соёлын наадам өнөөдөр Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн дэлгэр үргэлжилж байна.  

Энэхүү наадмын нээлтэд Ховд аймгийн 17 сумын соёлын өвлөн уламжлагчид, аймаг орон нутгийн удирдлагууд, иргэд хөдөлмөрчид,  гадаадын долоон улсын аялагч, жуулчдын төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр алтайн магтаал болон "Өндөр алтай нутаг" уртын дуугаа эгшиглүүлэх зэргээр угсаатны соёл уламжлалыг илтгэсэн олон талт үйл ажиллагаа өрнүүллээ.  

Наадмын үйл ажиллагааны гол чимэг болсон тэмээн жингийн цуваа орж ирлээ. 

Таван багийн малчид Манхан сумаас Ховд аймгийн төв хүртэл 100 гаруй км замыг туулан ирж, тэмээнд ачаа ачиж нүүдэллэх эртний соёл уламжлал,  ёс заншлын нэгээхэн хэсгийг сурталчиллаа.

Тэртээ 1941 онд Борондангийн Лувсангаар ахлуулсан жинчид Ховд аймгийн Манхан сумаас ОХУ-ын Бийск хот хүртэл 1030 км замыг туулан тэмээн жин тээхдээ ашиглаж байсан хонхыг өнөөдрийн тэмээн жингийн цуваанд хөтлөн авч иржээ. 

Related news