ӨВӨРХАНГАЙ: Б.Ганбат: Хотын иргэний үүргийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-09-26 17:09:13

Арвайхээр /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод төвийн бүсийн хотуудын тулгамдсан асуудлыг хэлэлцэх онол, практикийн бага хурал, үзэсгэлэн худалдаа, спортын өдөрлөг болж байна.


Тус үйл ажиллагаанд Цэцэрлэг, Баянхонгор, Мөрөн, Булган, Арвайхээр хотын удирдлагууд оролцож, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулах үзэл санаа, бүсчилсэн хөгжлийн асуудлаар санал бодлоо солилцлоо. Өнөөдөр спортын таван төрлөөр тэмцээн зохион байгуулж, мөн аймгуудын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг явуулж байна. 

Энэ талаар Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Ганбатаас тодрууллаа.


-     Онол практикийн бага хурлаар ямар асуудлыг онцолж ярив?

-    Хангайн бүсийн хотуудын уулзалт зөвлөгөөнийг жил бүр ээлж дараатай зохион байгуулдаг. Үүнд хангайн бүсийн хотуудаас гадна Өмнөговь аймгийн Даланзадгад хот оролцдог байсан. Энэ жил Арвайхээр суманд таван хотын удирдлага, албан хаагчид, бизнес эрхлэгчид ирж оролцож байна.

Энэ удаагийн уулзалтын онцлог гэвэл миний бие санаачилж, онол практикийн бага хурлыг хийлээ. Хотын тухай асуудлыг Засгийн газраас эсвэл аймгуудаас онцолж авч хэлэлцдэггүй. Бусад сумын нэгэн адил үздэг. Гэтэл аймгийн төв нь бие даасан статустай хот болж хөгжих ёстой. Хот болж хөгжихөд ямар асуудал тулгамдаж байгаа вэ гэдгийг энэ хурлаар хэлэлцэж, Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчлэлд тусгах зорилгоор саналаа нэгтгэлээ.



-     Хотуудад нийтлэгээр ямар асуудал тулгамдаж байна вэ?

-   Хотууд ихэвчлэн жижигхэн газар нутагтай, бусад сум 20-30 км зайд хаяа дэрлэн оршдог. Тэгэхээр аймгийн төв буюу хотынхоо газар нутгийн хэмжээг тэлэх нь нэн тэргүүний асуудал юм. Хоёрдугаарт; Хотууд түр оршин суугчид ихтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээр бусад сумын иргэд маш ихээр үйлчлүүлдэг, ачааллыг нэмдэг ч урсгал зардал нь наашаа шилжиж ирдэггүй. Өөрөөр хэлбэл, Арвайхээр сумын үндсэн иргэний авах ёстой үйлчилгээг өөр сумын иргэн авч байгаа. Энэ бол зайлшгүй зохицуулах ёстой асуудлын нэг.


Гуравдугаарт; Хотууд аймагтаа төсвийн татаас төлдөг. Манай Арвайхээр гэхэд 2.7 тэрбумыг бүрдүүлдэг. Уг нь үүний 70 хувийг буцаагаад авах ёстой. Жишээ ярихад, Монгол Улсын 21 аймгийн зургаа нь улсын төсөвтөө орлого оруулдаг, улсаас буцаагаад тухайн аймгууд руу урамшуулал олгодог. Манай аймгийн хувьд 19 сумаас Арвайхээр ганцаараа татаас өгдөг ч буцаагаад урамшуулал олгодоггүй гэх зэрэг жижиг хэрнээ шийдэх ёстой асуудлыг онцолж ярилаа.


Дөрөвдүгээрт; Улаанбаатар хот Концессын гэрээ байгуулах, гадаад харилцаагаа өргөжүүлэх боломжтой байдаг. Гэтэл аймгийн төвийн хотууд бусад сумдын адил аймаг, Гадаад харилцааны яамаар дамжуулж байж, гадаад харилцаандаа анхаарах шаардлагатай болдог. Үүнийг хуулиар өөрчлөх хэрэгтэй гэдгийг ярилцлаа.


Тавдугаарт; Иргэн нь хөгжиж байж хотоо хөгжүүлэх үү, хот хөгжиж байж иргэнээ хөгжүүлэх үү гэх асуудлыг чухалчилсан. Иргэнээ эрүүл, аюулгүй, амар тайван орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төр засаг ажиллах ёстой. Нөгөө талаар иргэнээ соён гэгээрүүлж, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулах нь чухал. Наад зах нь хотынхоо өнгө төрхөд анхаардаг, хийсэн бүтээснийг арчилж хамгаалдаг байх соёлд иргэн хүн бүр суралцах ёстой юм. Гэтэл манайхан эрхээ 90 хувьтай ярьж, үүргээ 10 хувьтай хэрэгжүүлдэг. Хотын иргэний үүргийг хуульд тодорхой тусгаж өгөх шаардлагатай гэсэн үндсэн таван асуудлаар санал нэгдэж ярилцсан.



-   Брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа гарч байгаа юм байна. Мэдээж, зөвлөгөөнтэй хамтатган зохион  байгуулж буй болохоор энэ салбарт ямар нэг юм яригдав уу?

-     Мэдээж, энэ тухай ярилцлаа. Аймаг буюу хот бүр өөр өөрсдийн брэнд гээд жалга довондоо л ажил хийгддэг шүү дээ. Тэгвэл Өвөрхангайн сүүн чихрийг, Хөвсгөлийн загасыг бүсийнхээ хэмжээнд яаж дэмжих вэ, яаж кластер хэлбэрээр хөгжүүлэх вэ гэдгийг хэлэлцлээ.

Цаашлаад хотууд дор дорноо ижил үйлдвэрүүдийг бариад явах биш, бүсийнхээ хэмжээнд аль хотод ямар үйлдвэрийг барих вэ? Эдийн засгийн хамтын хөгжилд суурилж, аялал жуулчлал, аж ахуйн салбараа хөгжүүлэх нь чухал гэсэн санаа хэлэлцүүлгээс гарлаа.

      Мэдээлэл өгсөнд баярлалаа. 

Related news