Хятадын бүлэг жуулчдыг Австралид хүлээн авч эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
СИДНЕЙ. /afr/. Австралийн эрх баригчид БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын аяллыг сэргээж, тэдэнд тусгай виз олгож эхэлснийг Аялал жуулчлалын сайд Дон Фаррелл зарлалаа. Групп аяллын визийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ.
Тэрбээр Австрали улс Хятадаас бүлэг жуулчдыг дахин хүлээн авахдаа баяртай байгааг илэрхийлээд, аяллыг сэргээж байгаа нь Австралийн оператор компаниудын хувьд удаан хүлээсэн үйл явдал болно гэж мэдэгдсэн байна.
Сайд цааш нь хэлэхдээ, 2019 онд бүлгээрээ аялсан хятад жуулчид Австралид 580 сая гаруй австрали доллар (372.7 сая ам.доллар) зарцуулсан нь Хятадаас ирсэн бүх жуулчны үлдээсэн мөнгөний бараг гуравны нэгтэй тэнцэж байсныг дурджээ.
2020 онд Австралийн эрх баригчид цар тахлын дэгдэлтийн шалтгаан ба коронавирусний халдвар тархахад Хятадын эрх баригчдын гүйцэтгэсэн үүргийг тогтоох зорилгоор олон улсын мөрдөн шалгалт явуулахыг шаардсаны улмаас Канберра, Бээжингийн харилцаа хурцадсан билээ. Үүний хариуд Хятад улс Австралийн арвай, дарсанд худалдааны өндөр татвар ногдуулж, Австралиас нүүрс, үхрийн мах импортлохыг хоригложээ. Австралийн тал ДХБ-д гомдол гаргасны дараа Хятадын тал иргэдээ Австрали руу жуулчлахыг хориглосон байна. Улмаар 2022 оны гуравдугаар сард Хятад ба Соломоны арлуудын хооронд аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын харилцаа улам мууджээ. Австралийн эрх баригчдын зүгээс "давамгайллаа улам тэлж /экспансионизм/, Номхон далайн арлын орнуудад нөлөөгөө бэхжүүлэхийг оролдож байна" хэмээн Бээжинг буруутгаж байв.
Харин өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан Австралийн шинэ засгийн газар Хятадтай харилцаагаа хэвийн болгох бодлого баримталж эхэлснээр Хятадын тал оны эхээр нүүрс нийлүүлэх хоригийг цуцалж, арвайд ногдуулах худалдааны татварыг шинэчлэн тогтоожээ.