БАЯНХОНГОР: Ус хангамжийн төвлөрсөн системийг ашиглалтад орууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Шинэжинст сум Ус хангамжийн төвлөрсөн системтэй болж, ундны усны найдвартай эх үүсвэрээр хангагдлаа.
Шинэжинст суманд нэн тулгамдаад байсан унд ахуйн усны асуудлыг шийдэж, орчин үеийн Ус хангамжийн системтэй болгох ажлыг Баянхөндий төслийн хүрээнд хийж гүйцэтгэжээ. Бүрэн хэмжээний ус хангамжийн системийг Шинэжинстэд байгуулах ажил 6-9 дүгээр сар хүртэл үргэлжилж, сумын хэрэгцээнд албан ёсоор хүлээлгэн өгсөн байна.
Амбулаторийн үзлэгээр Шинэжинст сумын иргэдийн дунд ходоод, элэг, амны хөндийн өвчлөл их бүртгэгддэг. Эдгээр өвчлөлүүд нь ундны усны аюулгүй байдалтай салшгүй холбоотой байснаас үүдэн сум орон нутгийн зүгээс Баянхөндий төслийн багт хүсэлт тавьснаар бодит ажил хэрэг болсон нь энэ аж.
Шинэжинст сумынхан орчин үеийн ус хангамжийн системтэй болсноор худгийн ус өвөлдөө хөлдөх, бохирдох, хүртээмж түгээлт муу, эх үүсвэр найдваргүй байсан асуудлууд нэг мөр шийдэгдэж буйн зэрэгцээ говийн хатуулаг өндөр, эрдэсжилт ихтэй усыг зөөлрүүлж цэвэршүүлснээр Монгол Улсын ундны усны стандартад бүрэн нийцсэн цэвэр усыг унд ахуйдаа хэрэглэх боломжтой болж байна.
Нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Ус хангамжийн төвлөрсөн систем нь хөрсний хөлдөлтийн гүнээс доош буюу 3-5 метр дулаалж суурилуулсан, 700 орчим метр шугам хоолой, ISO 9001 Олон улсын чанар стандартын шаардлага хангасан гурван түвшний шүүлтүүр, ус зөөлрүүлэгч төхөөрөмж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч бүхий Ундны ус цэнгэгжүүлэх байгууламжтай. Мөн 8м3 танктай, ухаалаг картын систем бүхий Ус түгээх худаг, сумын сургууль, цэцэрлэгийн ус хангамж, ариутгах татуургын системийн бүрэн шинэчлэлийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй аж.