С.Вигман УЕФА-гийн шагналаа Испанийн эмэгтэй хөлбөмбөгчдөд зориулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-01 14:18:32

ЛОНДОН. /BBC/. Английн хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Сарина Вигман Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФАОны шилдэг эмэгтэй дасгалжуулагчийн шагналаа энэ оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий аварга Испанийн шигшээ багийнханд зориулж буйгаа мэдэгдлээ.


С.Вигман шагналаа гардах авах үеэрээ хэлэхдээ, ялалт байгуулсан Испанийн тоглогчдын “санаа бодлыг сонсох ёстой” гэв. Пүрэв гарагт болсон шагнал гардуулах ёслолын үеэр тэрбээр испани бүсгүйчүүдэд баяр хүргэхийг үзэгчдэд уриалаад, тэд баяраа тэмдэглэх эрхтэй хэмээн хэллээ. 


“Испанийн багийн эргэн тойронд үүсээд буй асуудлыг бид бүгдээрээ мэдэж байгаа. Дасгалжуулагч, хоёр охины ээж, мөн айлын эзэгтэй, хувь хүний хувьд миний сэтгэл ихэд зовниж байна. Хэдийгээр тоглолт сайжирсан ч эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, хөлбөмбөгчдөд туулах урт зам хүлээж байгааг энэ явдал харууллаа. Миний хувьд энэхүү шагналаа хүн бүхний харааг булаасан гайхалтай тоглолтыг үзүүлсэн Испанийн баг тамирчдад зориулмаар байна” гэж тэрбээр хэлжээ.


Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Луис Рубиалес ДАШТ-ий шувтаргын тоглолтын дараа шигшээ багийн довтлогч Женни Эрмосогийн уруул дээр үнссэн нь олны шүүмжлэлийг дагуулсан билээ. ФИФА-гийн Ерөнхийлөгч Ж.Инфантино дэлхийн аваргуудтай авахуулсан гэрэл зургаа “Instagram” хуудсандаа нийтлээд, харамсалтай нь гайхалтай аваргуудын баяр хөөрийг сүүлчийн шүгэл дуугарсны дараа болсон явдал гутаасан хэмээн бичжээ. Тэрбээр мөн "ийм явдал болох ёсгүй байсан юм" гэжээ.  


Австралийн Сидней хотноо наймдугаар сарын 20-ны өдөр болсон ДАШТ-ийн финалын тоглолтод Испанийн шигшээ баг англичуудыг буулган авсны дараа болсон шагнал гардуулах ёслолын үеэр уруул дээр минь үнсэхийг Л.Рубиалест зөвшөөрөөгүй гэдгээ Ж.Хермосо ярьжээ. Өнгөрсөн бямба гарагт ФИФА Л.Рубиалесийн эрхийг түдгэлзүүлсэн ч тэрбээр албан тушаалаасаа огцрохоос татгалзсаар байна.





Related news