“G20”-ийн уулзалт болох газраас сармагчингуудыг холдуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-08-30 18:05:52

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын эрх баригчид “Хорийн бүлэг”-ийн /G20/ дээд хэмжээний уулзалт болох газруудаас сармагчингуудыг айлган холдуулах арга хэмжээг авч байна. 


Тухайлбал, саарал лангур сармагчингуудыг бодит хэмжээтэй хайчилбар зургийг янз бүрийн газруудад байршуулж байгаагаас гадна амьтны дууг дуурайн дуугардаг хүмүүсийг дайчлах гэж байна.


Дели хотод маш олон тооны сармагчин байдаг бөгөөд эрх баригчид дээрх алхмуудыг хэрэгжүүлснээр тэдгээр амьтдыг дээд хэмжээний уулзалтад саад учруулахаас сэргийлнэ гэж найдаж байна.


Энэтхэг улс “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг ирэх есдүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулах юм.


Лангур бол урт сүүлтэй, хар бараан царайтай, түрэмгий ааш авиртай сармагчин юм. Тэдгээрийг тусгай бэлтгэлтэй амьтан сургагчид дуулгавартай байлгадаг ба бусад сармагчныг харагдмагц сулладаг байна.


“PTI” мэдээллийн агентлагт нэгэн өндөр албан тушаалтан мэдээлэхдээ, сармагчингууд ихээр тархсан газруудад лангурын хайчилбаруудыг тавьж байгаа хэмээн ярьжээ. Мөн лангурын дууг дуурайж чаддаг 30-40 хүнийг төлөөлөгчдийн байрлах зочид буудал, сармагчин үзэгдэж магадгүй бусад газруудад хөлслөн ажиллуулна.


Сармагчнуудыг хоол хүнс хайж доншуучлахаас сэргийлэн тусгай зориулалтын газруудад тэдэнд хоол хүнс тавьж өгөх зохицуулалтыг хийж байгаа ажээ. Өмнө нь Делигийн эрх баригчид сармагчингуудыг лангур эсвэл тэднийг дуурайж чаддаг хүмүүсийн тусламжтайгаар айлгах гэж оролдож байсан ажээ. Тухайлбал, 2014 онд эрх баригчид нийслэл дэх парламентын ба засгийн газрын байрнуудаас сармагчингуудыг айлган холдуулах зорилгоор лангурыг дуурайн дуугардаг 40 мэргэжлийн хүнийг хөлсөлж байжээ.


Өмнө нь дээрх зорилгоор жинхэнэ лангурыг ашигладаг байсан боловч амьтны эрхийг хамгаалагчид сармагчингуудыг барьж хорих нь харгис хэрцгий үйлдэл хэмээн эсэргүүцсэн тул үүнийг зогсоосон байна.


2010 онд Делид болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын спортын наадмын үеэр сармагчингууд тамирчид руу дайрахаас сэргийлэхийн тулд 38 лангур сармагчинг хөлсөлсөн байжээ.

Related news