Ю.И.Дробышев: Чингис хаан эв нэгдэлтэй байхыг захисан байдаг

ТОЙМ
delgermaa@yahoo.com
2023-08-14 08:05:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурлын I салбар хуралдаанд “Чингис хааны сүүлчийн гэрээслэл” (The last will of Chengis Khan) илтгэл тавьсан ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, түүхийн болон биологийн ухааны доктор Юлий Иванович Дробышевтэй ярилцлаа.


-Юлий Иванович, та “Чингис хааны сүүлчийн гэрээслэл” нэртэй илтгэл тавьсан. Таны илтгэлийн талаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Миний илтгэлийн онцлог нь өөрөө өөртөө тавьсан энгийн нэгэн асуулт юм л даа. Чингис хаан тэнгэрт халихынхаа өмнө хүүхдүүд, ач нартаа юу гэж захисан бол гэжТүүх судлаачид, сонирхогчдын дунд Чингис хаан энэ хорвоог орхихоосоо өмнө үр хүүхдүүд, ач нар, ойрын хүмүүстээ дэлхийг бүхэлд нь эзлэхийг захисан гэсэн ташаа ойлголт бий. Монголын эзэн хаан өөрөө дэлхийг бүрэн эзэлж чадаагүй тул нас барахынхаа өмнө ийнхүү захисан гэдэг. Гэвч ингэж хэлсэн тухай ямар түүхэн баримт бичигт тэмдэглэгдсэн бэ гэдэг асуулт гарч ирж байна. Тэр үеийн түүхэн баримт бичгүүдийг үзэхэд "дэлхийг эзлээрэй" хэмээн захисан талаар юу ч  байдаггүй. Харин тэрээр үр хүүхэд, ач нартаа өөрийнх нь халааг авах Өгөдэй хаанд захирагдаж, эв нэгдэлтэй байхыг захисан талаар түүхэн баримт бичгүүдэд тодорхой бичсэн байдаг.


-Та энэ илтгэлээ хэдийд бичсэн бэ?

-Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал дээр энэ талаар илтгэл тавих гэж бичсэн.


-Чингис хааны сүүлчийн гэрээслэлийн талаар бичихдээ түүхэн ямар эх сурвалжуудыг судалж, ашиглав?

-Эрдэмтэд судлаачдын сайн мэдэх нэлээд эртний түүхэн баримт бичгүүдийг судалсан. Тодруулбал, монголчуудын эрх мэдэлд байсан өнөөгийн Хятадын хойд нутагт тухайн очиж байсан Хятадын дипломатуудын бичиж үлдээсэн түүхэн эх сурвалжууд. Тэдгээрт маш сонин баримтууд байдаг. Юанийн үеийн түүхэн баримт бичгүүдэд Чингисийн гэрээслэлийн талаар бичсэн. Түүнээс гадна Персийн Рашид ад-Диний судрын чуулган, тэр битгий хэл Армяны түүхэн эх сурвалжууд ч энэ тухай дурдсан байгаа. Мөн Оросын түүхэн эх сурвалжуудад ч бий. Гэхдээ хамгийн гол эх сурвалж бол “Монголын нууц товчоо”. Уг түүхэн бүтээлд Тангадыг эрхшээлдээ оруулахыг Чингис хаан захисныг маш тодорхой дурдсан. Чингис хаан Тангадыг эрхшээлдээ оруулахаар дайтаж яваад нас барсан шүү дээ. Өөр бусад түүхэн баримт бичигт ч түүний сүүлчийн гэрээслэлийн талаар дурдсан байдаг.


-Таны оролцсон салбар хуралдаанд тавьсан илтгэлүүдээс хэнийх нь илтгэл таны сонирхлыг хамгийн ихээр татав?

-Миний хувьд Оросын эрдэмтэн Н.Н.Крадины илтгэл сонирхлыг маань хамгийн ихээр татсан. Миний судалгаанд илүү ойр байсантай холбоотой байх. Түүнээс гадна орос хүн болохоор ойлгоход хялбар байсан. Их хурлын үеэр олон сонирхолтой илтгэл тавьж байна. Харамсалтай нь бүгдийг нь сонсож амжихгүй байна. 

Related news