“Subaru” корпорац АНУ-д цахилгаан машин үйлдвэрлэж эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2023-08-03 16:36:25

ТОКИО. /Kyodo/. Японы автомашин үйлдвэрлэгч “Subaru” компани шинэ гүйцэтгэх захирлынхаа удирдлага дор цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ эрчимжүүлэх зорилтын хүрээнд АНУ-д 2027 оноос цахилгаан тээврийн хэрэгслээ үйлдвэрлэж эхэлнэ гэдгээ лхагва гарагт мэдэгджээ. 


“Бид АНУ-д цахилгаан тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх шийдвэр гаргасан” гэж “Subaru” компанийн тэргүүн Осаки Ацүши Токио хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Зургаадугаар сараас шинэ албан тушаалдаа орсон тэрбээр үйлдвэрлэл явуулах газрыг хараахан тогтоогоогүй байгаа талаараа ярьжээ.


Subaru” АНУ-ын зах зээлд 2028 онд 400 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл худалдаалах зорилт дэвшүүлжээ. Тус компани нь Индиана муж улсад үйлдвэртэй юм. О.Ацүши мөн компанийнхаа 2030 он гэхэд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн шинэ зорилтуудыг танилцуулснаас дурдвал, дэлхий даяар жилд 600 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл буюу нийт борлуулалтынхаа 50 хувийг ийм төрлийн автомашин болгох зорилт тавьжээ.  


Урьд нь “Subaru” 2030 он гэхэд дэлхий даяарх нийт борлуулалтынхаа 40 хувийг цахилгаан болон хос хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл болгох зорилт дэвшүүлээд байв. Одоогоор тус компани нь “Toyota”-тай хамтран бүтээсэн “Solterra” хэмээх цор ганц цахилгаан загвараа зах зээлд нийлүүлж байгаа бөгөөд 2028 оны эцэс гэхэд дахин долоон шинэ загварын цахилгаан автомашиныг танилцуулахаар төлөвлөжээ. 

Related news