Улаангомын өвөлжилтийн бэлэн байдал хангагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2016-09-14 18:31:35

   Увс аймгийн төв болох Улаангом сумын өвөлжилтийн бэлтгэл ажилтай аймгийн Засаг даргын орлогч Ц.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь явж танилцлаа.

Улаангом сумын хувьд “Дулааны 2-р станц”, “Увс дулааны станц” гэсэн хоёр станц үйл ажиллагаа явуулж байна. “Дулааны 2-р станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 40-өөд ажил төлөвлөснөөс 90 гаруй хувь нь биелэсэн байна. Өөрөөр хэлбэл, шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийж, маргаашнаас эхлэн хэрэглэгчдэд дулаан халаалт болон хэрэглээний халуун ус өгөхөд бэлэн болжээ.

Тус станц нь Бөхмөрөн сумын нутаг дахь “Хотгор шанага” ХХК-ийн уурхайгаас нүүрсээ татахаар болсон байна. Одоогоор 3600 тн буюу 45 хоногийн нүүрсээ нөөцлөж авсан бөгөөд 3 зуух галлагаанд бэлэн байгаа аж.

“Дулааны 2-р станц” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар нь иргэд, аж ахуйн нэгжээс 160 гаруй сая төгрөгийн авлагатай түүнийгээ авч чадахгүй байгаагаас үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл үүссэн байна. Гэвч аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр 150 сая төгрөгийн зээлийг банкнаас авч нэн яаралтай хийх ёстой засвар үйлчилгээгээ хийж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан байна. Мөн иргэд, аж ахуйн нэгжээс 20 сая төгрөгийн эргэн төлөлт орж ирснээс ажилчдынхаа цалинг өгчээ.

Харин “Увс дулааны станц” ХХК-ийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна. Одоогоор 2000 тн буюу 20 хоногийн нүүрсний нөөцтэй, гурван зуух ажиллахад бэлэн байгаа аж.

Өнгөрсөн жил гэмтэл гарсан хэсгүүд болох Нэгдсэн эмнэлэг, коллеж, цагдаа чиглэлийн шугам сүлжээнд хэсэгчилсэн оруулга оруулж засварласан байна.

Тус компанийн хувьд аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д 170 гаруй сая төгрөгийн өртэй байгаа аж.

Увс аймаг Б.Батхүү

  

 

Related news