Хуульчдын шалгалтад оролцогчдын 15 орчим хувь нь л тэнцдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2023-07-27 12:38:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Монголын Хуульчдын холбоо болон шалгалтыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.


Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсын мэдээлснээр, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оноос хэрэгжиж эхэлснээр тус холбоо хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах болжээ. 8 дахь удаа зохион байгуулж буй Хуульчийн мэргэжлийн шалгалт энэ оны 10 дугаар сарын 23-28-нд болох юм. Шалгалтад оролцогчдыг өнөөдрөөс эхлэн 9 дүгээр сарын 9 хүртэл бүртгэх аж.


Хуульчийн мэргэжлийн шалгалтад дунджаар 1300 орчим эрх зүйч оролцдог. Өнгөрсөн жилийн шалгалтад 1228 эрх зүйч бүртгүүлж, 371 эрх зүйчид хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон талаар шалгалтын хорооны гишүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Хуульчдын шалгаруулалтын талаар Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарсаас тодрууллаа.


-Манай улсад хуульч, эрх зүйчдийн эрэлт, хэрэгцээ хэр байдаг вэ?

-Нэгд, эрэлт хэрэгцээ бий. Гэхдээ хуульч, эрх зүйч болж зөвшөөрөл авчихаад гадаад, дотоодод өөр ажил хийж, албан тушаал хашиж, үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс ч байна. Ямар ч нөхцөлд бид хуульчдын шалгаруулалтыг сулруулж, чанаргүй хуульчдыг бэлтгэж болохгүй юм. Ер нь хуульчдын шалгалтын босго өндөр, 100 оноо авахаас 70-аас дээш оноо авсныг нь шалгаруулдаг, хуульд нийцсэн шаардлага, шалгаруудыг давж байж хуульч, эрх зүйч болдог. Тэр бүхэнд хяналт, хариуцлага их байдаг, нийт оролцогчдын 15 хувь нь тэнцдэг ийм хатуу шалгалтын тогтолцоо юм.

-Мэргэжлийн хуульчдыг шалгаруулахдаа сорилын болон бодлогын (онолын) гэсэн хоёр төрлийн шалтгалт авдаг гэж байгааг тодруулна уу?

-Хуульчдын мэргэжлийн шалгалтад эрх зүйчээр төгссөн хүмүүс оролцдог. Сорил, бодлогын шалгалт нь практик, хэрэглээ, хууль зүйн дүгнэлт гаргах аргачлал зэргээр ялгаатай. Жишээ нь, сорилын шалгалтыг 200 асуулттай авдаг. Эндээс 24-өөс дээш оноо (нийт 40 оноо авсан байх ёстой) авбал дараагийн шатанд орох эрхтэй болдог. Нийтдээ сорил болон бодлогын шалгалтаас нийлбэр дүнгээр 70-аас дээш оноо авсан эрх зүйч мэргэжлийн хуульч болдог. 

Related news