АРХАНГАЙ: Аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-07-20 17:10:22

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн УЦУОШТ-өөс 2023 оны 7 дугаар сарын эхний арав хоногийн цаг агаарын тоймыг танилцууллаа.


Агаарын температур: Агаарын дундаж температур энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 12,2-17,0 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Тариат, Чулуут, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Булган, Цахир сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумын нутгаар олон жилийн дунджаас 1,1-1,7 градусаар дулаан байсан байна.


Агаарт өдөртөө аймгийн нийт нутгаар 23,0-26,0 градус дулаан байсан бол агаарт шөнөдөө Хангай сумын нутгаар 1,0 градус хүйтэн бусад сумдын нутгаар 1,0-6,0 градус дулаан байжээ.


Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ арав хоногт нийт нутгаар 17,0-23,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр өдөртөө Өлзийт, Хайрхан, Жаргалант, Эрдэнэмандал сумын нутгаар 45,0-51,0 градус бусад сумдын нутгаар 57,0-62,0 градус хүртэл халжээ.


Хөрсний гадарга дээр шөнөдөө Хангай, Булган сумдын нутгаар 1,0-3,0 градус хүйтэн бусад нутгаар 2,0 -4,0 градус дулаан байсан байна.


Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 11,1-49,2 мм хур тунадас орсон байна. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байв.


Салхи: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэд 11-18 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Тариат сумын нутгаар түр зуур секундэд 18 метр хүрсэн байв. 10 м/с–ээс их салхитай өдөр аймгийн нийт нутгаар 1-8 өдөр ажиглагджээ.


Ургамал бүрхүүл: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 7 дугаар сарын 1-ний байдлаар Цахир сумын баруун, хойд, зүүн талын нутгаар дунд бусад нутгаар сайн, ургамлын дундаж өндөр 4-10 см байлаа.

Related news