NHL-ийн тоглогчдыг 2026 оны Олимпод оролцуулах талаар хэлэлцээ хийж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
БРИСТОЛ. /ESPN/. Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн тоглогчдын холбоо (NHLPA) 2026 оны өвлийн Олимпын наадамд тамирчдаа оролцуулах талаар тус лиг болон Олон улсын шайбтай хоккейн холбоотой (IIHF) хэлэлцээ хийж эхэлжээ. Энэ тухай холбооны гүйцэтгэх захирал Марти Уолш мэдэгдэв.
“Лигийн комиссар Гэри Беттман болон IIHF-тэй хамтран ажиллаж байна, бид тохиролцоонд хүрч чадна гэж найдаж байна" гэж тэрбээр хэлжээ. Уолш дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн тоглогчид олимпын тэмцээнд улсаа төлөөлөн оролцохыг хүсэж байгааг тэмдэглэсэн байна.
Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн /NHL/ тоглогчид 1998 оноос өвлийн Олимпын наадамд оролцож эхэлжээ. 1998, 2002, 2006, 2010, 2014 оны олимпын тэмцээнүүд лигийн тоглогчдын оролцоотойгоор зохион байгуулагдаж, Олимп болох үеэр лиг, клубийн эзэд болон тоглогчдын холбоо тохиролцсоны үндсэн дээр NHL-ийн улирлыг түр зогсоож байв.
2018 оны Пёнчаны Олимпын наадамд Үндэсний хоккейн лигийн тоглогчид оролцоогүй байна. Тухайн үед Олон улсын олимпын хороо, IIHF, болон NHL тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд лиг Олимпын тэмцээний үеэр ээлжит улирлыг тасалдуулахаас татгалзжээ. NHL-ийн тоглогчид мөн 2022 оны Бээжингийн олимпод коронавирусний нөхцөл байдлын улмаас оролцоогүй юм.