Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австралийн холбооны улсын Гадаад хэргийн сайдтай уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2023-07-13 16:56:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо 2023 оны 7 дугаар сарын 13-14-нд болж буй АСЕАН-ы Бүсийн форумын Гадаад хэргийн сайд нарын уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцох үеэрээ Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзав.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга Таня Лоуренс Монгол Улсад айлчилж, Улаанбаатар хотноо зохион байгуулсан Монголын эдийн засгийн форумд Рио Тинто болон Австралийн үндэсний банк, ANZ банк, JPMorgan Cazenove, Голдман Сакс Австрали, Австралийн экспортын санхүүжилтийн агентлаг зэрэг бизнесийн 100 гаруй төлөөлөгчийг тэргүүлэн оролцсонд уулзалтын үеэрээ талархал илэрхийлэв.


Мөн Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, стандартыг боловсронгуй болгоход Австралийн Засгийн газраас 2019-2024 онд хэрэгжүүлж буй Австрали-Монголын эрдэс баялгийн хөтөлбөр (АМЕП)-ийн 3 дугаар шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, түүнчлэн хоёр талын бизнесийн салбарын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор байгуулсан Австрали-Монголын Бизнес зөвлөлийн үйл ажиллагааг тууштай дэмжиж ажиллахаа талууд ярилцлаа.


Уулзалтын эцэст, Австрали Улсад боловсрол эзэмших монгол иргэдийн тоог нэмэгдүүлэх сонирхлыг харгалзан Австралийн Засгийн газар Монгол Улсад олгож буй тэтгэлгийн тоог энэ онд нэмэгдүүлсэнд талархлаа илэрхийлэв.

Related news