ХЭНТИЙ: Бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-07 13:47:22

Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хүн ам сүүлийн жилд эрчимтэй өсөж, 97,3 мянгад хүрчээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтад 700 гаруй хүүхэд оролцсон бол нэгдүгээр ангид 1600 гаруй хүүхэд элсэн орохоор бүртгүүлжээ. Эдгээр тоон үзүүлэлтээс харахад тус аймгийн хүн ам залуужиж буй нь ажиглагдаж байгаа юм.


Тийм ч учраас Хэнтий аймгийн удирдлагууд сүүлийн жилүүдэд боловсролын салбарт нэлээд хөрөнгө оруулалтыг хийжээ. Тухайлбал, сүүлийн таван жилд ерөнхий боловсролын таван сургууль шинээр барьж, энэ жил мөн таван цэцэрлэг шинээр хүлээж авах юм. Ингэснээр тус аймагт сургууль, цэцэрлэгийн хүртээмж 100 хувь болжээ.


Хэнтийнхэн боловсролын салбараас гадна дэд бүтцийн салбарт онцгой анхааран ажиллаж байна. 18 сумын төвлөрсөн дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ гурван сум цэвэрлэх байгууламжтай болсон байна. Энэ жилдээ багтаад зургаан сум цэвэрлэх байгууламжтай болох аж. Мөн 18 сум, дөрвөн тосгон шилэн кабельд холбогджээ.


Хэнтий аймагт хийж буй хөрөнгө оруулалтын дийлэнх нь дэд бүтцийн салбарт орж байгааг удирдлагууд хэлж байна. Тухайлбал, Дулааны цахилгаан станцын ажил эхэлсэн, 2024 он гэхэд ашиглалтад хүлээж авна. Аймгийн төв буюу Хэрлэн сумын дулааны сүлжээний бүх коллекторыг шинэчилж байна. Авто замын төслүүд эрчимтэй хэрэгжиж байна. Өндөрхаан-Бэрхийн болон Бор-Өндөр-Даланжаргалангийн авто замууд ашиглалтад орсон. Өндөрхаан-Бэрх-Батноров-Норовлин болон хилийн Ульхан боомт руу тавьж буй 200 гаруй км авто замын ажил ид өрнөж байна. Ирэх жил Өндөрхаан-Бор-Өндөрийн 180 км зам ашиглалтад орно” хэмээн аймгийн засаг дарга Ц.Чогсомжав ярилаа.


Энэ жил Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой тохиож буй. Түүхт ойн наадмаа долоодугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байна. Баяр наадмаа угтаж, 1988 онд барьсан цэнгэлдэх хүрээлэнг шинэчилжээ. Цэнгэлдэх хүрээлэн дагасан амралт, зугаалгын цэцэрлэгт хүрээлэнг мөн байгуулахаар төлөвлөсөн байна. Зөвхөн наадмын үеэр ажиллаад бусад цагт нь хаалттай байдаг биш жилийн дөрвөн улиралд ажилладаг, хүүхэд залуусын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөхөд зориулсан байнгын ажиллагаатай болгохоор төлөвлөн шинэчилж байгаад иргэд талархалтай байна. 

Related news