"Virgin Galactic" сансрын арилжааны нислэгээ амжилттай үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2023-06-30 08:58:01

ЛОНДОН. /BBC/. Их Британийн тэрбумтан Ричард Брэнсоны эзэмшдэг, сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанийн “VSS Unity” сансрын нисэх онгоц арилжааны анхны нислэгээ амжилттай үйлджээ. 


Уг сансрын нисэх онгоцыг пүрэв гарагт орон нутгийн 08:30 цагт АНУ-ын Нью-Мексико муж дахь "Америка" сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд нислэгийг сансрын хөлгийн бүхээгээс шууд дамжуулжээ. Хөөрснөөс цаг ормын дараа 13600 метрийн өндөрт “Eve” нисэх онгоц тээгчээс салж, өөрийн хөдөлгүүрийг асаан, хамгийн дээд тал нь 85 км өндөрт хүрсэн байна. 


Нислэг бүхэлдээ нэг цаг хагас орчим үргэлжилсэн бөгөөд хоёр нисгэгч, “Virgin Galactic”-ийн сансрын нисгэгч сургагчаас гадна Италийн гурван нисгэгч-офицер уг нислэгт оролцжээ. Италийн офицерууд жингүйдлийн нөхцөлд хэд хэдэн шинжлэх ухааны туршилт явуулсан гэнэ. Түүнчлэн сансрын нисэх онгоц хамгийн өндөр цэгт хүрэх үед тэд Италийн Агаарын цэргийн хүчний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн далбаагаа мандуулжээ.


Хэдийгээр сансрын нисэх онгоцны бүхээгт жуулчид байгаагүй боловч Италийн Батлан хамгаалах яам офицеруудынхаа зардлыг төлсөн тул энэ нь арилжааны нислэгт тооцогдож байгаа ажээ.

Одоо “Virgin Galactic” компани 250-450 мянган долларын үнэтэй тасалбарыг нь худалдаж авсан хүмүүсийг сансарт илгээхээр төлөвлөж байгаа бөгөөд нийтдээ 800 орчим хүн байгаа аж.

Related news