Татаарын соёлын 10 дугаар фестивалийн хүрээнд Монголын урлаг соёлыг сурталчилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНПУ-ын Бялысток хотын ойролцоох Подласки дахь Ардын соёлын музейд Татаарын соёлын 10 дугаар фестивал, 6 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.
Энэхүү фестивалийн зохион байгуулалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам Хүндэт ивээн тэтгэгчээр оролцож, ардын хөгжмийн “Монгол Аялгуу” хамтлагийг илгээн Монголын урлаг соёлыг сурталчиллаа. Фестивалийн хүрээнд Литвийн Улануудын 10 дугаар хорооны нэрэмжит морин цэргийн ангийн дайчдын болон нум сум харвалтын үзүүлэх тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулагдав.
Фестивалыг зохион байгуулагчид болон нийт оролцогсдод хандаж Элчин сайд Б.Доржоос баяр хүргэсэн захидлыг Татааруудын холбооны тэргүүн ноён Ян Адамовичид илгээж, энэхүү арга хэмжээнд хамтран оролцох нь Монгол Улсын урлаг соёлыг Польшид танилцуулах, хоёр ард түмнийг ойртуулж, харилцааны түүхийг таниулахаас гадна БНПУ-д манай улсыг сурталчлах шинэ нэгэн гарц боломжийг нээж буй чухал ач холбогдолтойг манай тал онцлон тэмдэглэсэн байна.