ХЭНТИЙ: Аймгийн засаг дарга 500 гаруй төрийн албан хаагчтай уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-06-22 11:32:25
Хэнтий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав өнөөдөр төрийн 60 байгууллагын 500 гаруй албан хаагчтай уулзалт хийлээ.

Уулзалтаар аймаг орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр, эрүүл мэнд, боловсрол зэрэг салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, нийгэм эдийн засгийн үзүүлэлт, 100 жилийн ой угтсан бүтээн байгуулалт, бэлтгэл ажлын талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.

Мөн “Шилэн Хэнтий” арга хэмжээний талаар мэдээлэв. Тус арга хэмжээг аймгийн Засаг даргын санаачилгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд төрөөс олгосон зээлийн мэдээллийг ил тод болгож, найдваргүй зээлдэгчдийн нэрийг зарлан эргэн төлүүлж байгаа юм. Нийт 1202 иргэний 4.1 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас тав хоногийн хугацаанд нийт 146.5 сая төгрөгийн эргэн төлөлт хийгээд байгаа гэв.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн их засварын ажлын хувьд аймгийн Засаг дарга тогтмол хяналт тавьж байгаа бөгөөд өнгөрсөн даваа гарагт дээврийн ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар хана суудлын ажил 90 хувь, автомашины зогсоолын цутгалт 40 хувь, саравч угсралтын ажил 80 хувь, гадна тохижилтын ажил 90 хувьтай тус тус үргэлжилж байгаа гэдгийг мэдэгдлээ.
Related news