ХӨВСГӨЛ: Цагаан чулуутын овоог энэ сарын 19-нд тахина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-06-15 10:26:23

Мөрөн /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-аас Арбулаг сумын Цагаан чулуутын овоог энэ сарын 19-ний өдөр тахих шийдвэр гаргажээ.

Тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны хуралдаанаар Арбулаг сумын Цагаан чулуутын овоог аймгийн тахилгатай овоо болгон 4 жилд нэг удаа хүндэтгэл үзүүлж, тахиж байхаар тогтоол гаргасан юм.

Цагаан чулуутын овоог Хотгойдын Шадар ван Чингүнжав 1757 онд Манж нарт баригдаж, түүнийг Бээжинд аваачиж цаазлахад, нутгийн иргэд нууцаар эрхий хурууг нь цавчин эх нутагт нь авчирч, хадганд боон, мөнгөн хайрцагт хийж, буу сэлмийн хамт  газар ухан булж оршуулан дээр нь 1760 оны үед овоо босгосон гэсэн домог яриа байдаг.

Түүнээс хойш Хөвсгөл аймагт төдийгүй Монголдоо хамгийн томд тооцогддог тус овоог Хөвсгөлийнхөн тахин шүтсээр ирсэн түүхтэй юм.

 

 

Related news