СЭЛЭНГЭ: 320 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-06-09 17:10:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хөгжил хамгааллын асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах үүднээс “Сургалтын байгууллага-Тоног төхөөрөмж” үйл ажиллагааг хэрэгжүүлж, 2022 онд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 516.1 сая төгрөгийн төсөв бүхий хичээлийн хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж, 2 сургууль, 1 цэцэрлэгт 206 сая төгрөгийн төсвөөр их засварын ажил хийжээ.

 

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд шинээр 320 хүүхдийн суудалтай, 3 давхар, 11 анги, номын сан, 320 хүүхэд нэг зэрэг үдийн цай уух боломжтой гал тогооны заал бүхий барилгын өргөтгөлийн ажлыг эхлүүллээ.

 

Хүүхдэд чиглэсэн бүтээн байгуулалтын энэхүү ажил нь сумын багш, сурган хүмүүжүүлэгч болон хүүхэд багачуудын хувьд сурч боловсрох, хөгжих таатай орчныг бүрдүүлж буй том хөрөнгө оруулалт болж байна хэмээн сумын Засаг дарга Ц.Баянбаатар хэллээ.

 

Энэхүү барилгын ажил нь улсын төсвийн 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Асуд констракшн" ХХК хийж гүйцэтгэх юм.

 

Related news