9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-09-11 13:14:37

ВАШИНГТОН. /VOA/. Одоогоос 15 жилийн өмнө 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болсон террорист халдлагын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг зохион байгуулжээ.

Нью-Йорк хотын Манхэттен дүүрэгт Дэлхийн худалдааны төвийн /ДХТ/ ихэр цамхаг байсан газар болох “Ground zero” буюу “Тэг цэг”-т өнөөдөр болсон уг арга хэмжээнд хохирогчдын ар гэрийнхэн болон АНУ-ын засгийн газрын албаны хүмүүс, тэдгээрийн дотор ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон болон Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трамп нар оролцсон байна.

2001 оны есдүгээр сарын 11-ний өглөөгүүр террористууд зорчигч тээврийн дөрвөн нисэх онгоцыг булааж, онгоцуудаар ДХТ-ийн ихэр цамхийг мөргөн 3000 орчим хүний аминд хүрсэн юм.

“Тэг цэг” өнгөрсөн 15 жилийн хугацаанд хурдацтай өөрчлөгджээ. Тэнд томоохон төслүүд хэрэгжүүлж, олон барилга баригдаж байна.

АНУ-д төдийгүй дэлхий дахинд террористууд аюул заналхийлж байгаа энэ үед хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ. Есдүгээр сарын 11-ний халдлагатай холбогдуулан эхэлсэн цэргийн ажиллагаануудаа АНУ зогсоох төлөвгүй байна. АНУ-ын зэвсэгт хүчнийхэн Ирак болон Сирид “Лалын улс” босогчдын бүлэглэлтэй тэмцэх цэргийн ажиллагааг саяхнаас явуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд АНУ-д болсон терроризмын шинжтэй халдлагуудыг тус бүлэглэлийн нөлөөнд автсан хүмүүс гол төлөв үйлдсэн нь тогтоогджээ.

Г.Доржханд

Related news